Орос, Хятадын худалдааны эргэлт оны эхний хагаст өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-07-13 13:15:08

БЭЭЖИН. /TASS/. ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ энэ оны эхний хагаст 63,075 тэрбум ам.долларт хүрч, жилийн дундаж үзүүлэлтээс 28.2 хувиар өсжээ. 


БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улсаас ОХУ руу хийсэн экспортын хэмжээ оны эхний хагаст 38.4 хувиар өсөж, 28.946 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 34.129 тэрбум ам.доллар болж, 20.6 хувиар өссөн байна.


Зөвхөн зургаадугаар сард БНХАУ, ОХУ-ын хооронд 12.263 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. 2020 оны эцэст энэ үзүүлэлт 107.76 тэрбум ам.доллар болж, 2.9 хувиар буурч байв. 


Өмнө нь Орос, Хятадын эрх баригчид хоёр талын худалдааны хэмжээг жилд 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан юм. Зургаадугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дэлхийн мэдээллийн агентлагуудын дарга нартай уулзахдаа, Орос, Хятад улс цар тахлыг үл харгалзан 2020 онд хоёр орны худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт барьж чадсан бөгөөд 2024 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрч магадгүй гэж мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ