Испанид өнгөрсөн жил тогтоосон хөл хориог Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-07-15 10:31:56

МАДРИД. /BBC/. Испанийн Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн онд Засгийн газраас тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг хуулийн заалттай нийцээгүй гэж үзжээ.


Өнгөрсөн хавар, цар тахлын эхний давлагааны үеэр Испанид халдвар авсан, хүнд өвчтэй, нас барсан хүмүүсийн тоо хурдацтай өсөж байх үед тус улсын Засгийн газар онц байдал тогтоож, оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглосон юм.


Испанид тогтоосон нэгдүгээр зэрэглэлийн онц байдал нь Үндсэн хуулийг зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг 6 шүүгч дэмжиж, 5 нь эсэргүүцсэн байна. 


Шүүгчид Педро Санчесын Засгийн газраас тогтоосон онц байдал нь иргэдийн үндсэн эрхийг хэтэрхий хязгаарласан гэж үзсэн байна.  Хэт барууны үзэл баримтлагч “Вокс” намаас Үндсэн хуулийн шүүхэд ийм нэхэмжлэл гаргажээ.


Испанийн хуульд зааснаар онц байдлыг гурван зэрэглэлээр тогтоодог бөгөөд тухайн үед Засгийн газар нэгдүгээр зэрэглэлийн онц байдал тогтоосон байна. Харин Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн үзэж байгаагаар, үндсэн эрх, эрх чөлөөг ийм ноцтой хязгаарлахын тулд хоёрдугаар зэрэглэлийг тогтоох ёстой байжээ.


Одоо хөл хорионы журмыг зөрчиж, торгууль хүлээсэн испаничууд шүүхийн шийдвэрийг үндэслэн төрөөс мөнгөө буцааж өгөхийг шаардаж болох аж. Харин хөл хорионоос болж учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах боломжгүй байна.


Испанийн Хууль зүйн сайд Пилар Льоп Үндсэн хуулийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан мэдэгдэхдээ, Засгийн газар өнгөрсөн хавар явуулсан үйл ажиллагаагаа хууль ёсны бөгөөд, зөв гэж үзсээр байна гэжээ.


Холбоотой мэдээ