Хятадын ДНБ оны эхний хагаст 12.7 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-07-15 12:45:21

БЭЭЖИН. /Xinhua/. Энэ оны эхний хагаст БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац 12.7 хувьтай байв гэж тус улсын Үндэсний статистикийн хорооноос пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурджээ.


"Урьдчилсан тооцоогоор 2021 оны эхний хагаст Хятадын ДНБ 53.216 их наяд юань (одоогийн ханшаар 8.24 их наяд орчим ам.доллар) болж, жилийн дундаж үзүүлэлтээс 12.7 хувиар өссөн байна. Тодруулбал, эхний улиралд 18.3 хувь, хоёрдугаар улиралд 7.9 хувиар өсжээ" гэж тайланд дурдсан байна.


Дурдсан хугацаанд БНХАУ-ын газар тариалангийн салбар 7.8 хувиар өсөж, 2.84 их наяд юань (439.6 тэрбум орчим ам.доллар), аж үйлдвэр 14.8 хувиар өсөж, 20.715 их наяд юань (3.2 их наяд ам.доллар) болсон бол үйлчилгээний салбар 29.661 их наяд юаньд (4.59 их наяд ам.доллар) хүрч, 11.8 хувиар өсжээ.


Хятадын ДНБ-ий өсөлтийн хурдац аажмаар саарч байгаа юм. 2018 онд 6.6 хувиар өссөн бол 2019 онд энэ үзүүлэлт 6 хувь байв. 2020 онд коронавирусний цар тахлын сөрөг нөлөөллийн улмаас 1976 оноос хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрч, 2.3 хувьтай тэнцжээ.


Аж үйлдвэрийн үйлдвэрлэл

Оны эхний хагаст Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл 15.9 хувиар өсжээ. Уг салбарын өсөлтийн хурдац зөвхөн зургаадугаар сард 8.3 хувьтай тэнцсэн байна.


Эхний улиралд өсөлтийн хурдац 24.5 хувьд хүрчээ.


Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт сүүлийн хэдэн жил аажмаар саарч байгаа юм. 2017 онд 6.6 хувь байсан бол 2018 онд 6.2 хувь болж буурчээ. 2019 онд энэ салбар 5.7 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд цар тахлын улмаас 2.8 хувьд хүрч унажээ.


Жижиглэн худалдаа

Хятадад өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 2021 оны эхний хагаст 21.19 их наяд юань (одоогийн ханшаар 3.28 их наяд орчим ам.доллар) болж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 23 хувиар өсжээ.


Тайланд тэмдэглэснээр, 1-6 дугаар сард хот суурин газрын жижиглэнгийн худалдаа 23.3 хувиар өсөж, 18.409 их наяд юань (2.85 их наяд орчим ам.доллар) болсон бол хөдөө орон нутагт энэ үзүүлэлт 2.78 их наяд юань (430.34 тэрбум орчим ам.доллар) болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4 хувиар өссөн байна.


Зөвхөн зургаадугаар сард жижиглэнгийн худалдаа 12.1 хувиар өсөж, 3.76 их наяд юань (582 тэрбум орчим ам.доллар) болжээ.

 

1-6 сард Хятадад онлайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 23.2 хувиар эрс өсөж, 6.113 их наяд юань (946.3 тэрбум орчим ам.доллар) болсныг тайланд тэмдэглэжээ.


Иргэдийн орлого

Оны эхний хагаст Хятадын нэг хүнд ногдох орлого жилийн дундаж үзүүлэлтээс 12.6 хувиар өсөж, 17 642 юань (одоогийн ханшаар 2 731 орчим ам.доллар) болсон байна.


Ийнхүү мэдэгдэхүйц өссөн нь 2020 оны эхний хагаст харьцангуй бага үзүүлэлттэй байсантай холбоотой гэж тайланд тэмдэглэжээ.


Газар тариалангийн бүсэд оршин суугчдын орлого оны эхний хагаст 14.6 хувиар (үнийн өсөлтийг харгалзсан үзүүлэлтээр 14.1 хувиар) өсөж, 9.248 юань (1432 орчим ам.доллар) болсон бол хотын иргэдийн орлого 24125 юаньд (3735 орчим ам.доллар) хүрч, 11.4 хувиар (инфляцыг харгалзсан үзүүлэлтээр 10.7 хувь) өссөн байна.


Өнгөрсөн онд Хятадын нэг хүнд ногдох орлого жилийн дундаж үзүүлэлтээс 32189 юаньд (тухайн үеийн ханшаар 4960 орчим ам.доллар) хүрч, 4.7 хувиар өсөж байв.


Инфляцын түвшинг харуулдаг гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индекс Хятадад энэ оны эхний хагаст 0.5 хувьтай тэнцжээ. Тайланд дурдсанаар, 1-6 дугаар сард тус улсын хотуудад үнэ 0.6 хувь, хөдөө орон нутагт 0.4 хувиар өссөн байна.



Холбоотой мэдээ