Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар хүлээн авч шийднэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-07-21 14:14:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын дэвтрийг цахим болсонтой холбогдуулан нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг зарим үйлчилгээг цахим болгох боломж бүрджээ.


Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж олгоход өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлж байна.


Даатгуулагчаас тэтгэмж авахаар бүрдүүлж буй баримт бичгийг цахимжуулж, хүсэлтийг шуурхай шийдэх зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг ХНХЯ шинэчлэн боловсруулжээ.


Тус зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталлаа. Ингэснээр жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэж байгааг ХНХЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ