Зээлийн өрийн үлдэгдэл 19.2 их наяд төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-22 16:43:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос гаргасан 2021 оны хагас жилийн мэдээллээр мөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 6.2 их наяд төгрөгөөр буюу 29.2 хувиар өсжээ. Үүнд валютын харилцах 119.6 тэрбум төгрөгөөр буюу 5.1 хувиар, төгрөгийн харилцах 2.1 (74.2 хувиар) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 3.8 их наяд төгрөгөөр буюу 34.8 хувиар өссөн нь нөлөөлжээ.   


АААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 6 дугаар сарын эцэст 19.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 898.9 (4.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.8 (10.3%) их наяд төгрөгөөр өссөн байна.  Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.5 (49.7%) их наяд төгрөг нь иргэдийнх байна.  


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 6 дугаар сарын эцэст 16 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.1 (7.3%) их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.6 (10.8%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр өсжээ.



Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 6 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 119.8 (9.1%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 182.7 (18.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр өсжээ.  


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2021 оны 6 дугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 67.9 (3.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 37.1 (1.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурчээ.


Холбоотой мэдээ