Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо 18.6 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-23 09:48:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны хоёрдугаар улирлын байдлаар гадаадын 88 улсын 5.2 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор, мөн сайн дурын ажил хийж байна.


Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх улирлынхаас 825 (18.6 хувь) хүнээр нэмэгджээ. Тэдний 4.6 (88.2 хувь) мянга нь эрэгтэй, 0.6 (11.8 хувь) мянга нь эмэгтэй аж.


Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 59.1 хувь нь БНХАУ-ын, 4.7 хувь нь ОХУ-ын, 4.2 хувь нь БНСУ-ын, 3.7 хувь нь Австрали Улсын, 3.6 хувь нь БНЭУ-ын, 3.2 хувь нь Вьетнам Улсын, 2.8 хувь нь АНУ-ын, 2.5 хувь нь Өмнөд Африк Улсын, 2.2 хувь нь Филиппин Улсын, 1.7 хувь нь Их Британи Улсын, 1.7 хувь нь Канад Улсын, 1 хувь нь Япон Улсын, 9.6 хувь нь бусад улсын харьяат.


Эдгээр гадаад иргэдийн хамгийн их буюу 17.4 хувь нь 45-49 насных, 17.1 хувь нь 50-54 насныхан, 14.6 хувь нь 35-39 насныхан байгаа бол 2 хувь нь 24 хүртэлх насныхан юм. Тэдний 1.9 (35.8 хувь) мянга нь Улаанбаатарт, 1.9 (37.1 хувь) мянга нь төвийн бүсэд, 0.8 (15.1 хувь) мянга нь зүүн бүсэд, 0.3 (5.9 хувь) мянга нь хангайн бүсэд, 0.3 (6.1 хувь) мянга нь баруун бүсэд ажиллаж байна.


Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 2.4 (46.3 хувь) мянга нь дипломын болон бакалаврын дээд, 1.6 (30.8 хувь) мянга нь техникийн болон мэргэжлийн, 0.6 (12.3 хувь) мянга нь бүрэн дунд, 0.4 (7.9 хувь) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 0.1 (2.6 хувь) мянга нь суурь боловсролтой.


Түүнчлэн, хамгийн олон буюу 2 (38.7 хувь) мянга нь мэргэжилтэн хийж байгаа бол хамгийн цөөн буюу 3 (0.06 хувь) иргэн хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн мэргэжлээр ажиллаж байна.


Манай улсад энэ оны хоёрдугаар улиралд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8 (34.7 хувь) мянга нь уул уурхай, олборлолтын, 877 (16.7 хувь) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 588 (11.2 хувь) нь боловсролын, 981 (18.6 хувь) нь барилгын, 455 (8.7 хувь) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 206 (3.9 хувь) нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны, 117 (2.2 хувь) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 209 (4 хувь) нь бусад салбарт ажиллаж байв.


Өмнөх улирлынхтай харьцуулахад, уул уурхай, олборлолтын салбарт ажил эрхэлж буй гадаадын иргэд 226 (14.1 хувь) хүнээр, барилгын салбарт 441 (81.7 хувь) хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд 4.1 (79.1 хувь) мянга нь ХХК-д, 0.5 (9.9 хувь) мянга нь төсөвт байгууллагад, 0.2 (3.2 хувь) мянга нь ТӨААОҮГ, 0.09 (1.8 хувь) мянга нь ТББ-д, 0.3 (6 хувь) мянга нь бусад байгууллагад ажиллаж байна.

Холбоотой мэдээ