“Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-23 18:47:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021” дөрөв дэх удаагийн аяныг 2021 улсын хэмжээнд зохион байгуулж байна.


Энэ оны эхний 6 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй, нэгж байгууллагад учирсан хохирол 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, өнгөрсөн онд 67.2 тэрбум төгрөгт хүрчээ.


Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлаа хангах, залилах болон цахим гэмт хэрэгт  өртөж болзошгүй иргэдэд анхааруулахаар 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусах нягтал-2” аяныг зохион байгуулсан. Үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2021” аяныг 10 дугаар сарын 31 хүртэл зохион байгуулах юм.


Цар тахлын дэгдэлтийн үед төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх нь өөрийгөө болон бусдыг хамгаалах давуу талтай ч нөгөө талдаа мэдээллээ хамгаалах, гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж, хянуур хариуцлагатай хандахыг шаардаж байгаа тул аливаа залилах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг аяныг зохион байгуулагчид уриалав

Холбоотой мэдээ