Монголын сагсан бөмбөгчид Румын улсын багт 6 онооны зөрүүгээр хожигдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-26 12:13:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын шигшээ баг тав дахь тоглолтоо Румын улсын шигшээтэй тоглож 14:22-оор хожигдлоо.


Олимпын наадамд өрсөлдөж буй 8 багаас ур чадвар, түвшингийн хувьд хамгийн ойролцоо нь Румын билээ. Энэ тоглолтод Монгол охид анхны хожлоо авах байх гэсэн хүлээлт баг тамирчдаа дэмжигч хүн бүхэнд байлаа.

 

ДАШТ-ий тавдугаар байрын шагналт румынчууд тоглолтыг 3:0, 4:1 гэх мэтээр тэргүүлсэн ч манай охид онооны зөрүүг холдуулалгүй барьсаар байв. Улмаар тоглолт талдаа орж байх үед тоо 7:9 болон ойртлоо. Гэвч үүнээс хойш Румыний баг таван оноо дараалан авсан нь энэ тоглолтын эргэлтийн цэг болчихов. Уг нь манай охид оноог ингэж холдуулалгүй барьж болохоор байсан ч торгуулийн шидэлт болоод сул довтолгоогоо алдах зэргээр хожих боломжоо үгүй хийсэн юм.

 

Бэртэл гэмтэл манай тамирчдын тоглолтод нөлөөлж буй нь илт байлаа. Үнэхээр яаж ч хичээгээд болохгүй байгаа нь тэдний тоглолтоос харагдаж байв. Улмаар эцсийн дүндээ 22:14-өөр ялагдал хүлээв.

 

Энэ тоглолтод М.Цэрэнлхам зургаан оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Чимэддолгор, Б.Солонго нар гурав, О.Хулан хоёр оноо нэмэрлэсэн юм. Монголын сагсчид дараагийн тоглолтоо 16 цаг 30 минутаас Францын эсрэг хийнэ.

Холбоотой мэдээ