“Facebook” өсвөр насны хүүхдүүдийг чиглэсэн зар сурталчилгааг хориглоно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-07-28 13:37:16

ВАШИНГТОН. /VOA/. Facebook” нийгмийн сүлжээ 18 болон түүнээс доош насны хүүхдүүдийн сонирхол болон бусад цахим хуудсан дахь хэрэглээнд нь тулгуурлан тэдэн рүү чиглэсэн зар сурталчилгаа явуулахыг тун удахгүй хориглоно гэдгээ мэдэгджээ.


Энэхүү шинэ бодлого нь “Instagram”, Facebook Messenger”-т ч мөн адил хамааралтай бөгөөд хүүхдүүдийн насны хязгаарын хувьд улс орнуудаас хамааран ялгаатай байна. “Facebook”-ийн мэдээлснээр, энэ журмыг ойрын хэдэн долоо хоногоос мөрдөж эхлэх ажээ.


“Бид хэрэглэгчдэдээ өөрсдийн сонирхол болон бусад цахим хуудас, гар утасны хавсралтан дахь хэрэглээнд нь тулгуурласан зар сурталчилгааг үзэхгүй байх боломжуудыг сурталчилгааны тохиргоогоор дамжуулан хэдийнээ олгосон. Гэвч залуу хэрэглэгчид ийм сонголтуудыг хийхэд хүндрэлтэй байж магадгүй болохыг холбогдох албаны мэргэжилтнүүдээс сонссон. Бид ч үүнтэй санал нэг байгаа. Тиймээс залуу хэрэглэгчдийг чиглэсэн зар сурталчилгаанд илүү болгоомжтой хандахаар шийдвэрлэсэн юм” гэж “Facebook” шинэ бодлогынхоо талаар танилцуулсан мэдэгдэлдээ дурджээ.


Хэдийгээр энэхүү шинэ бодлого нь өсвөр насны хүүхдүүдийг чиглэсэн зар сурталчилгааг тэдэнд аюул учруулж болзошгүй хэмээн үздэг өмгөөллийн байгууллагуудын хувьд ялалт байж болох ч “Facebook” хүүхдүүдэд зориулсан “Instagram” бүтээх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.


Урьд нь энэхүү төлөвлөгөөг цуцлахыг АНУ-ын 40 муж улсын ерөнхий прокурорууд “Facebook” компаниас хүссэн юм. Харин тус компанийн зүгээс, "Хүүхдүүдэд зориулсан “Instagram” нь эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ хэрэглээг хянах илүү боломжийг санал болгоно" хэмээн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ