"Улаанбаатар" клуб улирлыг цомтой эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-29 09:57:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2021 оны улирлыг нээж “Атлетик 220”, “Улаанбаатар” клубүүд “Супер цом”-ын төлөө тоглоход “Улаанбаатар” нэмэлт цагт 0:2-оор хожлоо.

 

Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 0:0-ээр өндөрлөж нэмэлт цаг сунгахад “Улаанбаатар” клуб болон үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Б.Балжинням 97 дахь минутад гоолын салхийг хагалсан юм.

 

Дараагийн гоолыг “Атлетик 220” клубээс “Улаанбаатар”-т шилжсэн хамгаалагч Д.Төрбат 101 дэх минутад гоол оруулж шинэ багтаа өөрийгөө харуулахын зэрэгцээ гоолын баяраа тэмдэглэлгүй өнгөрөөж хуучин багийнхандаа хүндэтгэл үзүүллээ.

 

Ийнхүү 120 минут үргэлжилсэн ширүүн тэмцлийн эцэст ялалт байгуулсан “Улаанбаатар” клуб анх удаа “Супер цом”-ыг өргөлөө. Өдгөө 10 жилийн ойгоо тэмдэглэж буй нийслэлийн клубт МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал цомыг гардуулан өгөв.

Үзэгч хөгжөөн дэмжигчид, тоглогч, дасгалжуулагчид, ивээн тэтгэгч, хөл бөмбөгийн зүтгэлтнүүдийн хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ. Ирэх 8 дугаар сарын 1-нд “Hisense” үндэсний дээд лигийн тоглолтууд болно.

Холбоотой мэдээ