БНХАУ-д нефтийн үнэ нэмэгдэж байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-08-02 13:11:30

БЭЭЖИН. /Global Times/. БНХАУ-д энэ оны эхний хагасын эцсийн байдлаар дотоодын зах зээл дэх нефтийн үнэ есөн удаа нэмэгдээд байна гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлжээ.


Тодруулбал, зургаадугаар сарын сүүлээр шатахуун, дизель түлшний үнэ нэг тонн нь 225 юань /34.85 ам.доллар/, 215 юаниар тус тус өсжээ. Мөн эрчим хүчний зах зээлийн талаар мэдээлдэг “Oilchem.net” цахим хуудасны шинжээчид дотоодын шатахуун, дизель түлшний үнэ цаашид тонн нь 230 орчим юаниар буюу литр нь 0.17-0.20 юаниар нэмэгдэж магадгүй хэмээн таамагласан байна.


Харин санхүүгийн салбарын мэдээ мэдээлэл нийтэлдэг “Economic View” цахим хуудсанд мэдээлснээр, дотоодын нефтийн үнэ 11 гаруй удаа өөрчлөгдсөн байна. Тухайлбал, шатахуун, дизель түлшний үнэ 2021 он гарсаар 1180 юань, 1140 юаниар тус бүр өсжээ.


Мөн олон улсын зах зээлд нефтийн үнэ зургаадугаар сараас хойш үргэлжлэн өссөөр байна. “Economic View”-т мэдээлснээр, “WTI” маркийн нэг торх нефтийн наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 74.05 ам.доллар, “Brent” маркийн нефтийн Лондоны биржид есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 75.38 ам.доллар хүрчээ. Энэ нь хоёр маркийн нефтийн хоёулангийнх нь хувьд 2018 оны 10 дугаар сараас хойших хамгийн өндөр үнэ юм. 

Холбоотой мэдээ