Марафонч Ц.Бямбажав 55 дугаар байраар барианд орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-08 08:32:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн уралдаан өглөө 05 цагт /Улаанбаатарын цагаар 06 цагт/ эхэлж, Кенийн тамирчин Е.Кипчоге /2:08:38/ тэргүүн байрт шалгарч Токиогийн олимпын аварга болов.

 

Олимпын мөнгөн медалийг Нидерланд улсын тамирчин А.Нагеейэ /A.Nageeye +1:20/, хүрэл медалийг Бельгийн тамирчин Б.Абди/+1-22/, Олимпын 4 дүгээр байрт Кенийн тамирчин Л.Чероно /+1:24/ тус тус шалгарлаа.

 

Монголын шилдэг марафонч, Увс аймгийн Өлгий сумын харьяат, Зэвсэгт хүчний 337-р анги, “Алдар” Спорт хороо, шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Бямбажав хүч, тэсвэр тэвчээр, хурдаа сорьж 106 тамирчнаас 55 дугаар байрт шалгаран Токиогийн олимпын бариандаа амжилттай орж ирлээ.

 

Японы Саппоро хотноо өнөөдөр халуун, бүгчим /27-28 хэм дулаан/ нөхцөлд 42 км 195 м замыг туулахаар 106 тамирчин олимпын замд гараанаас гарсан.


Токиогийн олимпын марафон гүйлтийн замаас албан ёсоор 29 тамирчин замаасаа гарсан байна. Тав дахь олимпын наадамдаа өрсөлдөж буй Монгол Улсын шилдэг марафонч, гавьяат тамирчин Б.Сэр-Од марафоноо дуусгаж чадалгүй замаасаа гарчээ.

Холбоотой мэдээ