Бразилд хүүхдийн таргалалттай тэмцэх кампанит ажлыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-08-11 11:21:38

БРАЗИЛИА. /Xinhua/. Бразилд бага насны хүүхдүүд, өсвөр үеийнхний дунд эрүүл хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг сурталчлах замаар хүүхдийн таргалалттай тэмцэх аяныг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мягмар гарагт орон даяар эхлүүлжээ.


“Хүүхдийн таргалалтаас урьдчилан сэргийлэх аяны зорилго нь байгалийн гаралтай хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх, хэт боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахад оршино" гэж Эрүүл мэндийн сайд Марселу Кейрога нээлтийн ёслолын үеэр мэдэгдсэн байна.


Мөн хүүхэд, өсвөр үеийнхэн дэлгэцийн өмнө хэт олон цагийг зарцуулах болсныг анхааруулж, чөлөөт цагаараа тоглож наадах, спортоор хичээллэхээс эхлээд бага наснаасаа дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхийн ач холбогдлыг таниулан сурталчилна. 


Бразилын зарим хотод 2019 оны байдлаар 10-аас доош насны хүүхдүүдийн 15 гаруй хувь нь илүүдэл жинтэй байжээ. Иймээс аяны хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг судалж, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг дэмжих санаачилгуудыг хэрэгжүүлэхэд зориулан тэдгээр хотод санхүүжилт олгох ажээ. 


Бразилд өнөөдрийн байдлаар таваас доош насны хүүхдүүдийн долоон хувь нь илүүдэл жинтэй, гурван хувь нь таргалалттай байгаа бол өсвөр насны хүүхдүүдийн 31.9 хувь нь илүүдэл жинтэй, 12 хувь нь таргалалттай байна гэж тус яамнаас мэдээлжээ.

Холбоотой мэдээ