УБ-Дарханы замын эхний шатны ажлыг 10 дугаар сард дуусган хүлээлгэн өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-13 16:27:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын эхний шатны ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ нь АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм. Харин хоёрдугаар шатны ажлыг Европын Сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк (ЕСБХБ)-ны хөрөнгөөр тавьж байгаа юм. Тус чиглэлийн автозамыг 4 эгнээ болгох ажил хөрөнгө оруулалт нь бүрэн шийдэгдсэн тул барилгын ажлын төлөвлөгөөгөөр ирэх оны 10 дугаар сард дуусган хүлээлгэн өгөхөөр төлөвлөн, мөн 5 багцын хүрээнд ажлаа эхлүүлээд байгааг ЗТХЯ-ны Автозамын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа хэлж байна.  




Нэгдүгээр шатанд АХБ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явц өнөөдрийн байдлаар 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ эрчээр үргэлжилэн ажиллавал энэ оны 10 дугаар сард 200 орчим км замын ажил дуусаж зорчих хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж буйг ЗТХЯ-наас мэдээллээ. Өнгөрсөн 7 дугаар сарын 15-нд 113 км замын хөдөлгөөнийг нээсэн юм. Тэгвэл 9 дүгээр сард тус замын тэмдэг тэмдэглээ, үлдэх заслын ажлыг хийж хүлээлгэн өгснөөр хөдөлгөөнийг цааш нээх аж. 




Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын бүтээг байгуулалтын явц 8 дугаар сарын 10-ны байдлаар:

Нэг, АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:

  • Багц-1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто зам: Ажлын талбайд 23 хүн хүч, 4 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Тус хэсэгт хучилтын ажил дууссан. Ус зайлуулах хиймэл байгууламжийн чулуун бэхэлгээний ажлыг хийж байна. Ажлын гүйцэтгэл 85.43 хувьтай байна.
  • Багц-3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам: Ажлын талбайд 62 хүн хүч, 25 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг хийж байна. Нийт ажлын гүйцэтгэл 89.49 хувьтай байна.
  • Багц-5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам: Ажлын талбайд 49 хүн хүч, 16 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил 93.43 хувьтай. Төмөр замын гарам болон ажлын талбайд төмөр замын 3 гарамын ажил, тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг хийж байна. Нийт ажлын гүйцэтгэл 92.82 хувьтай байна.

Хоёр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр нэмж барих 2 эгнээ авто замын ажил:


  • Багц-1: Монголын “Арж капитал” ХХК барилгын ажлыг энэ оны 3 дугаар сарын 18-наас эхлүүлсэн. Барилгын талбайд 584 хүн хүч, 262 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, гүүр хоолой, суурийн ажлыг хийж  байна. Ажлын явц 28.17 хувьтай байна.
  • Багц-2: БНХАУ-ын "Жунмэй Инженеринг групп" барилгын ажлыг мөн энэ оны 3 дугаар сарын 18-нд эхэлсэн. Барилгын талбайд 231 хүн хүч, 109 тоног төхөөрөмж байршин талбайн талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон гүүр, хоолойн ажлыг хийж байна. Ажлын явц 15.16 хувьтай байна.
  • Багц-3: мөн БНХАУ-ын "Жунмэй Инженеринг групп" барилгын ажлыг 3 дугаар сарын 18-наас эхлүүлсэн. Барилгын талбайд 210 хүн хүч, 88 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлыг хийж байна. Ажлын явц 14.76 хувьтай байна.
  • Багц-4: БНХАУ-ын "Шанхай Констракшн групп" барилгын ажлыг энэ оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 204 хүн хүч, 137 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлыг хийж  байна. Ажлын явц 10.39 хувьтай байна. 
  • Багц-5: БНХАУ-ын "Чайна Гежөүба групп" компани барилгын ажлыг 3 дугаар сарын 18-нд эхлүүлсэн. Барилгын талбайд 157 хүн хүч, 78 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлыг хийж  байна. Ажлын явц 15.95 хувьтай байгааг ЗТХЯ-ны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. 



Холбоотой мэдээ