Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх бодлого зарлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-17 11:38:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх бодлогыг Монгол Улсын Засгийн газрын 200 дахь хоногоос зарлаж байгаагаа “Цар тахлын үеийн эдийн засаг - Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзалт”-ын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдлээ.


Төрийн ордонд болж буй тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. 



Засгийн газрын эхний 100 хоногт цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд анхаарсан. КОВАКС хөтөлбөр болон арилжааны шугамаар вакцин татан авч, иргэдээ дархлаажуулж эдийн засгаа нээхээр том бүтцээр ажилласан хэмээн Ерөнхий сайд уулзалтын үеэр тэмдэглэв. Түүнчлэн 100 дахь хоногоос эхлэн 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндээс гадна эдийн засгаа сэргээх шинэ бодлого зарласныг онцоллоо. Харин 200 дахь өдөр буюу өнөөдрөөс цар тахлын эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх бодлого зарлаж буйг цохон тэмдэглэв.


Засгийн газрын 200 дахь өдөр буюу өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хүн амын 62.2 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлтээр дэлхийд 14 дүгээр байранд жагсаж буйг тодотгов. 


Засгийн газар эрүүл мэндээ хамгаалан иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлжсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Тухайлбал, энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд хөдөө аж ахуйг дэмжих 320 тэрбум төгрөгийн зээл олгосны үр дүнд энэ намар 30 жилийн дунджаас ахиу ургац авах төлөвтэй байна. Цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 34 хувьтай буюу 3,4 их наяд төгрөгийн зээл олгож, 225 мянган ажлын байрыг хадгалсан байна.


Засгийн газрын маргаашийн хуралдаанаар, таван үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд шууд удирдаж ажиллахаар болсон тухай мэдээлэв. 


Тодруулбал,

  • Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлэлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо, 
  • Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо, 
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо,
  • Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо,
  • Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо байгуулах юм байна. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Үндэсний хороодын дэргэд хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн салбарын төлөөллөөс бүрдсэн дэд ажлын баг байгуулна. Төр, хувийн хэвшил холбогдож, бодлогоо тодорхойлох гэж цаг хугацаа алддаг. Тиймээс төр өөрийн хэмжээнд манлайлж, уялдаа холбоотой ажиллах тогтолцоог бүрдүүлнэ гэсэн агуулгаар үндэсний хороодыг байгуулж байна. Цаашдаа Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг сэргээх хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барина. Тус хууль нь, 

  • Цар тахлын дараах эдийн засгийг  эрчимжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх
  • Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогоор дэмжих
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх
  • Төр, хувийн хэвшлийн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.

Үндэсний хороо байгуулагдаж, цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хууль гарвал, 2022 оны улсын төсөвт Эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн яам байгуулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд онцлов. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, тэдгээрт зөвлөгөө өгч тусалдаг төрийн захиргааны төв байгууллагатай болно гэдгийг тайлбарлав. Мөн Худалдааны агентлаг байгуулах бөгөөд монгол орны баялгийг дэмжиж байгаа бүхий л хөрөнгө оруулагчдыг дэмжиж, мэдээлэл өгөх, эргэх холбоог сайжруулах тогтолцооны реформыг 2022 оны төсөвт суулгахаар төлөвлөж байгааг онцоллоо.


Дэлхийн зах зээлд манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тухайлбал, төмрийн хүдрийн үнэ 2 дахин, зэсийн үнэ 50 хувиар, алтны үнэ 19 хувиар, газрын тосны үнэ 13 хувиар өсжээ. Энэ өсөлт цаашид таван жилийн хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байгааг тэмдэглэж, хөрөнгө оруулагчдыг энэ үеийг ашиглахыг уриалав. 




Дараа нь Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хөрөнгө оруулагчид байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран, "Ерөнхий сайд таны гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар дурдсан. Энэ ажил их чухал гэж бодож байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтын хуульд тусгасан байгаа хязгаарлалтыг хөнгөлж өгөх нь зүйтэй гэж байгаа. Нэн тэргүүнд хамгийн ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулалт татах нь чухал. Энэ хүрээнд Засгийн газрын зарласан 100 мега төсөлд хөрөнгө оруулалт татах нь зүй. Эдгээрт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх гэж байгаа нь туйлын чухал юм. Манай байгууллага энэ чиглэлд Монгол улсын Засгийн газар, Сангийн яам болон бусад холобгдох байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна" хэмээв. 


Мөн Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Юн Сок Хён, "Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх шинэ хуулийн төсөл өргөн барих гэж байгаа маш чухал гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. Үйлдвэрлэлийн салбарыг урагшуулахын тулд таны анхаарлыг хоёр зүйлд татмаар байна. Энэ хүрээнд, төрийн хөрөнгө оруулалтын менежмент, мөн зарцуулалтыг сайн хянах нь чухал гэдгийг хэлэх гэсэн юм" гэлээ.


Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах элийн засагч Жон Паксал Нгуесса Нганоу, "Би том амжилт гаргаж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэмээр байна. Ерөнхий сайд илтгэлдээ дурьдсан. Хэрвээ вакцинуулалтын хөтөлбөр, эдийн засгаа сэргээх хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол эдийн засаг ямар байх вэ гэдэг нь Ерөнхий сайдын илтгэлд маш ойлгомжтой байна.  Эдийн засгаа сэргээх хөтөлбөр хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүдэд зээл олгож, бизнес, ажлын байрыг хадгалж чадсан байна. Монгол Улсын Засгийн газартай Дэлхийн банк цаашид хамтран ажиллахад бэлэн" хэмээсэн юм. 


Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл илэрхийлж байв. Мөн төрийн худалдан авалтыг цахимжуулах, цахим хөгжлийн яам байгуулах болон цар тахлын үеийн эдийн засгийн сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Хөрөнгө оруулагчидтай хийх ийм уулзалт нэг удаагийнх биш байж, давтамжтай зохион байгуулж байхыг Ерөнхий сайдаас хүсэж байлаа. 


Ташрамд дурдахад, Монгол Улсад 1990-2020 он хүртэл нийт 29 тэрбум ам.доллар, 2020 онд 2.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэ хугацаанд мөн 15 мянган хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 50.2 хувь нь БНХАУ-ын компани байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн салбарын ангиллаар нь авч үзвэл, 70.2 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 16.56 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 3.2 хувь нь Банк, санхүүгийн салбар, 1.2 хувь нь тээвэр, ложистикийн салбар, 1.3 хувь нь барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбар болон бусад салбарт орсон байна. Нийт гадаадын хөрөнгө оруулалтын 26.9 хувь нь Канад, 19 хувь нь БНХАУ, 14.7 хувь нь Нидерланд улс байдаг аж. 


2020 онд цар тахлын нөлөөгөөр дэлхийн хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 38 хувиар буурсан бол манай улсад 18.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ