БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хатагтай Каори Ишикаватай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Сангийн тэргүүн Каори Ишикаваг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.
Каори Ишикава НҮБ-ын Хүн Амын Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Сангийн тэргүүнээр 2018 оноос эхлэн ажилласан хугацаандаа манай улсын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцоллоо. Мөн, "боловсрол, шинжлэх ухааны салбарт эхлүүлсэн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн ажиллах болно. Ялангуяа тэгш хамран сургах зорилгыг хуульд тусгасан. Иймд тусгай хэрэгцээт хүүхдийг тэгш хамран сургахад хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаа" гэв.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Сангийн тэргүүн Каори Ишикавагийн Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт, хувь нэмрийг үнэлж, Боловсролын тэргүүний ажилтан шагнал гардуулав.