Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний хороод байгуулж, цар тахлын үед эдийн засгийг сэргээх хууль боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-17 15:18:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар, таван үндэсний хороо байгуулж, шууд удирдаж ажиллахаар болсон тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр "Цар тахлын дараах эдийн засаг - төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзалт"-ын үеэр мэдэгдэв. 


Тодруулбал,

  • Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлэлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо, 
  • Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо, 
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо,
  • Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо,
  • Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо байгуулах юм байна. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Үндэсний хороодын дэргэд хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн салбарын төлөөллөөс бүрдсэн дэд ажлын баг байгуулна. Төр, хувийн хэвшил холбогдож, бодлогоо тодорхойлох гэж цаг хугацаа алддаг. Тиймээс төр өөрийн хэмжээнд манлайлж, уялдаа холбоотой ажиллах тогтолцоог бүрдүүлнэ гэсэн агуулгаар үндэсний хороодыг байгуулж байна. Цаашид Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг сэргээх хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барина. Тус хууль нь, 

  • Цар тахлын дараах эдийн засгийг  эрчимжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх
  • Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогоор дэмжих
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх
  • Төр, хувийн хэвшлийн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.

Үндэсний хороо байгуулагдаж, цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хууль гарвал, 2022 оны улсын төсөвт Эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн яам байгуулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд онцлов. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, тэдгээрт зөвлөгөө өгч тусалдаг төрийн захиргааны төв байгууллагатай болно гэдгийг тайлбарлав. Мөн Худалдааны агентлаг байгуулах бөгөөд монгол орны баялгийг дэмжиж байгаа бүхий л хөрөнгө оруулагчдыг дэмжиж, мэдээлэл өгөх, эргэх холбоог сайжруулах тогтолцооны реформыг 2022 оны төсөвт суулгахаар төлөвлөж байгааг онцоллоо.

Холбоотой мэдээ