Тэмүүлэл-Эрдэм бага сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гүнзгийрүүлсэн,
төрөлжсөн сургалттай Тэмүүлэл-Эрдэм бага сургуульд 240 хүүхдийн суудалтай
өргөтгөлийн барилгыг шинээр нэмж барьснаар бүрэн дунд сургуулийн статуст шилжиж
байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн,
С.Чинзориг, Г.Ганболд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон аймгийн удирдлагууд өнөөдөр
нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд боловсролын салбарын хөрөнгө оруулалт хурдтай
нэмэгдэж байгаа. Өвөрхангай аймагт жил бүр шинэ сургууль ашиглалтанд орж байна.
Өнгөрсөн жил 928 хүүхдийн сургуулийг, энэ хавар 320 хүүхдийн суудалтай
өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулсан. Энэ бол хүүхдүүдийн сурч хөгжих
орчныг сайжруулахад онцгой анхаарал тавьж байгаагийн илрэл” хэмээгээд сургалтынхаа
чанарыг сайжруулах, аймгийн дунджаас дээгүүр түвшинд ажиллахыг Тэмүүлэл-Эрдэм
бага суруулийн багш нарт хандан уриаллаа.
2009 онд Азийн хөгжлийн банкны зээлийн
санхүүжилтээр цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор болон байгуулагдсан тус
сургуулийг 2019 онд аймгийн Засаг даргын
шийдвэрээр бага сургууль болгон өргөжүүлж байсан бол энэ жилээс дунд сургуулийн
түвшинд эгнээгээ өргөтгөж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Энэ
удаагийн хичээлийн жил хэд хэдэн онцлогтой. Нэгт Монгол Улсад орчин цагийн
боловсрол үүсэн байгуулагдсаны 100 дахь жилийн түүхэн үе тохиож байна. Хоёрт
ковидын халдварын эрсдэлтэй хүнд үе ч гэлээ, хичээлийн хоцрогдлыг нөхөх маш том
зорилго дэвшүүлж байгаа. Багш, сурагчдын хувьд сэтгэл санааны стресс дарамт
үүссэн учраас ЕБС-т сэтгэлзүйчийг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Үдийн цай үдийн
хоол болгож байна. Мөн энэ хичээлийн жилээс 5 настай хүүхдийг 100 хувь
цэцэрлэгт хамруулах зорилт дэвшүүлсэн” хэмээлээ.
Ирэх жилийн төсөвт тус сургуулий
спорт заалыг барих санхүүжилтыг тусгана гэдгээ гишүүд болон сайдын зүгээс
амласан ба гал тогооны иж бүрдэл, ширээ сандлыг нийлүүлээд байгаа аж.
