Кабулаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг сунгах эсэхийг 24 цагийн дотор шийднэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Reuters/. Афганистанаас америкчуудыг нүүлгэн шилжүүлэх цэргийн ажиллагааг наймдугаар сарын 31-нээс хойш сунгах эсэх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ойрын 24 цагийн дотор гаргах төлөвтэй байна гэж Вашингтоны засаг захиргаан дахь эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зарим нь аюулгүй байдлын үүднээс уг ажиллагааг сунгахыг эсэргүүцэж байна. Энэ асуудлаарх төлөвлөгөөгөө Жо Байден өнөөдөр болох “Долоогийн бүлэг”-ийн яаралтай уулзалтад дүрс бичлэгээр холбогдож оролцохдоо мэдэгдэж магадгүй гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч хэлжээ.
Даваа гарагт Кабулаас арван мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Ингэснээр наймдугаар сарын 14-нөөс хойш тус улсыг орхин гарсан хүний тоо 48 мянгад хүрсэн байна.
Өмнө нь наймдугаар сарын 20-нд Жо Байден АНУ-ын цэргүүд Афганистанаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг наймдугаар сарын эцэс гэхэд дуусгана гэж найдаж байгаагаа илэрхийлээд америкчуудын Афганистанд байх хугацааг наймдугаар сарын 31 -нээс хойш сунгах төлөвлөгөөгүй байна гэж мэдэгдсэн юм.