Токиогийн Паралимпын наадам “Бид бүхэн жигүүртэй” уриаг түгээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Токио /МОНЦАМЭ/. Өчигдөр /2021.08.24/ үдэш “Токио-2020” паралимпын наадмын бамбарыг Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд асаах хүндтэй үүргийг Японы пара хүндийн өргөлтийн тамирчин Карин Морисаки, тэргэнцэртэй теннисний тамирчин Юүи Камижи, боччагийн тамирчин Шүнсүкэ Үчида нар хүлээсэн билээ.
Паралимпын бамбар ийнхүү Токиогийн тэнгэрт бадамлан асаж хүн төрөлхтөний эв нэгдлийг илэрхийлсэн спортын их баяр наадам 13 хоногийн турш үргэлжилнэ. Энэхүү паралимпын XVI наадмын нээлтийн ёслол "Бид бүхэн жигүүртэй" гэсэн уриаг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх үйлсэд чиглэсэн онцгой үйл явдал боллоо.
Олон улсын паралимпын хороо /IPC/-ны ерөнхийлөгч Андрью Парсонс нээлтийн ёслолын үеэр “Бид бүхэн энд ирсэн гэдэгт итгэхгүй байна. Олон хүн энэ өдөр тохионо гэдэгт эргэлзэж байлаа. Тэд үүнийг боломжгүй гэж бодож байсан юм. Гэсэн хэдий ч олон хүний сэтгэл, хүч чармайлтын ачаар дэлхий дээрх хамгийн их өөрчлөлт дагуулсан спортын наадам нээлтээ хийж байна. Бид дэлхийгээ өөрчлөхийг хүсч байна” хэмээн онцлон хэлсэн юм.
Наадмын нээлтийн ёслолд Япон улсыг төлөөлөн тус улсын эзэн хаан Нарүхито болон олимпийн сайд Сэико Хашимото нар талархалаа илэрхийлж үг хэлж, амжилт хүссэн юм. Японы нийслэл Токио хот 1964 болон 2021 онуудад паралимпын наадмыг 2 дахь удаагаа зохион байгуулсан дэлхийн анхны хотоор түүхэнд бичигдэж байгаа билээ.
Зуны паралимпын наадамд өрсөлдөх баг тамирчдын жагсаалын эхэнд дүрвэгсдийн баг улс орнуудыг манлайлан цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн бөгөөд Алиа Исса болон Аббас Карими нар туг баригчаар сонгогдсон байв. Энэ наадамд Шинэ Зеландын баг тамирчид Covid-19-ийн халдвараас сэргийлж, нээлтийн ёслолд оролцоогүй.
“Энд ирсэн 6 тамирчин дайнд нэрвэгдэж эрхээ эдэлж чадахгүй байгаа дэлхийн 82 сая хүн, түүнчлн хөгжлийн бэрхшээлтэй 12 сая хүнийг төлөөлж байна” хэмээн IPC-ын ерөнхийлөгч Андрью Парсонс үг хэлэхдээ онцолж байв.
Дүрвэгсдийн багийн араас улс оронд нь нөхцөл байдал тогтворгүй байдлын улмаас паралимпын тамирчид нь Токиод ирж чадаагүй Афганистан улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр цэнгэлдэхэд залсан юм. Энэ улсын тамирчдын талаар Андрью Парсонс тэднийг Токиод байлгахыг хүсч байгаа ч харамсалтай нь боломжгүй. Харин тэд сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт" гэсэн юм.
Тэрбээр “Паралимпын тамирчдаа, Та нар энд ирэхийн төлөө цус, хөлс, нулимс гээд бүхнээ зориулсан. Харин одоо та нар авьяас, хүч, ур чадвар, шийдэмгий байдлаа дэлхий нийтэд харуулах цаг ирлээ. Дэлхийн дахин та нарыг аварга, найз, баатар, хамтран зүтгэгч, жириин хүн гэдгээр тань дахин таних цаг ирж байна. Хүн төрөлхтний хамгийн шилдэг нь Та бүхэн. Зөвхөн та л өөрийгөө хэн болохыг тодорхойлох цорын ганц хүн” хэмээн онцлон хэлсэн юм.
Паралимпын нээлтийн ёслолд Монголын баг тамирчид “Michel & Amazonka”-ийн урласан хувцсаар гангарсан бөгөөд багийн туг баригчаар А.Мөнхбат /жүдо бөх/, Д.Сэлэнгээ /байт харваа/ нар сонгогдсон билээ.