Э.Содонтогос: Бид усны хомсдолтой тулгарахаас өмнө усан хангамжаа шийдэх учиртай
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан Мянганы Сорилтын 2 дахь компакт гэрээний хүрээнд нийслэл хотноо Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавьж барилгын ажлыг эхлүүлээд байна. МСК-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барьж буй тус үйлдвэр болон МСК-ын 2 дахь компакт гэрээний талаар Монголын Мянганы сорилтын сан (МСС)-гийн гүйцэтгэх захирал Э.Содонтогосоос тодруулав.
-Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг тодруулна уу?
-Энгийнээр хэлбэл энэ бол ундны усны үйлдвэр юм. Та бүхэн мэдэж байгаа бол АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх Монголын усны компакт төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд усны 2 том үйлдвэр байгуулах юм. Нэг нь энэ Ус гүн цэвэршүүлэх байгууламж, нөгөөх нь Ус дахин боловсруулах байгууламж юм. Одоо эхлүүлээд буй Ус гүн цэвэршүүлэх байгууламж нь газрын гүнээс гарах усыг боловсруулж "үйлдвэрлэн", ундны болон ахуйн зориулалтаар ашиглах юм. Мөн бид Улаанбаатар хотын усан хангамжийн тогтвортой байдлыг хангах бусад дэд буюу жижиг төслүүдийг хэрэгжүүлнэ.
-Эхний үйлдвэр усаа газрын гүнээс авна гэж байна. Хаанаас авах вэ?
-Эх үүсвэр нь Био комбинат, Шувуун фабрикт байгаа. Энэ орчмын газрын гүнээс эхний ээлжид 30 ширхэг худаг гаргана. Эдгээр худгаас газрын доорх усыг 40-45 км орчим урттай шугам сүлжээгээр дамжуулж үйлдвэртээ нийлүүлэх юм. Нэг ёсондоо Сонгинохайрхан уулын бэлд барьж эхэлж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэртээ авчраад урвуу осмос системийг ашиглан гүн цэвэршүүлээд ундны болон ахуйн зориулалтаар ашиглахаар ус сувгийн магистрал шугам сүлжээнд нийлүүлнэ. Эндээс гарсан усыг зөвхөн унд, ахуйн зориулалтаар ашиглана.
Өдөртөө 75.000 шоо метр усыг ундны болон ахуйн зориулалтын стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлэн нийлүүлэх юм. Ингэснээр нийслэл Улаанбаатар хот баруун тийш тэлэх болон дагавар хотууд байгуулахад усан хангамжийг давхар шийдэж өгнө. Энэ бол нийлүүлэлтийн талын менежмент буюу бид усыг шинээр үйлдвэрлэж нийлүүлж байна гэсэн үг. Энэ бүтээн байгуулалт өнөөдөр ийнхүү эхэлж, 48 сарын турш үргэлжилж, 4 жилийн дараа үйлдвэр ашиглалтад орно.
-Хоёр дахь буюу Ус дахин боловсруулах үйлдвэрийн талаар тодруулна уу?
-Ер нь ахуйн хэрэглээнээс гарч байгаа хаягдал усыг саарал ус гэдэг. Борооны усыг шар ус, үерийн усыг бор гэдэг шиг. Манай хотын саарал ус Төв цэвэрлэх байгууламж руу ордог. Одоо Төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинээр барьж байгаа. Тэр үйлдвэрийн хүчин чадал нь өдөртөө 250.000 шоо метр усыг гаргах юм. Үүнээс өдөрт 50.000 шоо метр усыг авч дахин боловсруулна. Дахин боловсруулсан усаа 3, 4 дүгээр ДЦС-ын цамхгийн хөргөлтийн системд нийлүүлэх юм. Нэг ёсондоо дээрх хэмжээний усыг ундны болон ахуйн зориулалтаар ашиглахгүй гэсэн үг. Үлдсэн 200.000 шоо метр ус нь Туул гол руу орж байх ёстой юм. Ингэж бид гүний усыг цэнэглэж байх ёстой юм.
Одоо Төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа ус асар бохирдолтой байгаа. Түүнийг 65:61 гэдэг стандарт хүртэл бохирдлыг бууруулсан байх ёстой. Бохирдлыг бууруулахын тулд бохирлогч үйлдвэрүүд хажуудаа жижиг оврын цэвэрлэх байгууламжтай байх, эсвэл технологио өөрчлөөд явах учиртай. Тэгэж бид 65:61 стандартын усыг Төв цэвэрлэх байгууламж руу хийснээр шинэ Төв цэвэрлэх нь 49:43 стандартын цэвэр усыг гаргана. Тэр гаргасан усаа бид цахилгаан станцуудын хөргөлтөд ашиглахаар нийлүүлнэ. Гэтэл одоо 3, 4 дүгээр ДЦС-ууд газрын гүний усаар цамхгаа хөргөж байгаа. Энэ байдлыг өөрчилж арилгана гэсэн үг.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь уламжлалт болон дэвшилтэт гэсэн 2 технологи ашиглах талаар төслийн удирдагч, инженерүүд ярьж байна. Дэвшилтэт технологи нь усыг өвчин үүсгэгч нян бактериас хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэх, мөн урвуу осмос мембранаар шүүх, хлоржуулах гэсэн 3 үе шаттай. Харин уламжлалт арга нь урьдчилан исэлдүүлэх, идэвхтэй нүүрсэн шүүлтүүрээр шүүж боловсруулан гаргах юм.
-Ус дахин боловсруулах үйлдвэрийг хэзээ барих вэ?
-Хоёр дахь үйлдвэрийн зураг төслийн болон барилга угсралтын ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийг энэ оны 7 дугаар сарын 26-нд зарласан. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ирэх оны намраас эхэлнэ. Энэ үйлдвэрийн хэрэглэгч нь дээр хэлсэнчлэн эхний ээлжид 3, 4 дүгээр цахилгаан станц байх юм. Цаашид үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх юм бол дахин боловсруулсан усаар цементээ зуурдаг болно. Цементийг бид талхаа зуурдаг цэвэр усаар зуурахгүй болино гэсэн үг. Саарал усыг дахин боловсруулж эхэлснээр усны хоёр дахь хэрэглээг бий болгоно. Нарийн яривал Улаанбаатар хотын усны нийт хэрэглээний 5-ны нэгийг 2, 3, 4 дүгээр цахилгаан станц зөвхөн цамхгаа хөргөхдөө ашиглаж, газрын гүнээс ус авч байгаа. Гэхдээ өөрийнх нь технологийн зориулалтаар заавал цэвэр ус ашиглах шаардлага бас бий. Тэр хэмжээний усыг цахилгаан станцууд өөрсдөө авч үлдэх юм.
-МСК-ын гэрээний хүрээнд барих үйлдвэрүүд нийслэлийг бүхэлд нь хангах ус гаргаж боловсруулж дийлэх үү? Эсвэл зөвхөн баруун хэсгийнх үү? Хот тэлэхэд усан хангамжийг бүрэн шийдэж чадах уу?
-Ер нь нийслэл хотыг баруун тийш тэллээ гэхэд усан хангамжийг бүрэн шийдэх боломж хомс. Бид эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлийн судалгааг хийсэн. 2023-2028 онд Улаанбаатар хотын усны эрэлт, нийлүүлэлт тэнцэж ирэх төлөвтэй байгаа. Түүнээс хойш 2025 оноос эрэлт нь нийлүүлэлтээсээ давж болзошгүй. Бид хараахан усаар гачигдах, хомсдолтой учраагүй байна. Гэхдээ усны дарамт нүүрлэхэд ойрхон байна. Энэ эрсдэл монголчуудад тулгарахаас өмнө энэ компакт гэрээгээр бид усан хангамжийн асуудлаа шийднэ гэсэн үг. Энэ бол аливаа төр, засаг бодлогын хүрээнд урьдчилж хийж байх, шийдвэрлэж байх ажил юм. Тиймээс манай улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ын хооронд байгуулсан Мянганы Сорилтын 2 дахь компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавьж барилгын ажлыг эхлүүлээд байна.