А.Мөнхбат Паралимпын тамирчдын бүртгэлийн хамгийн эхэнд бичигджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Токио /МОНЦАМЭ/. “Токио-2020” паралимпын XVI наадмын спортын 22 төрлийн 4400 гаруй тамирчдын нэрс болон намтар, амжилтыг танилцуулсан бүртгэлийн хамгийн эхэнд цагаан толгойн дарааллаар Монголын жүдо бөхийн тамирчин Аажимын Мөнхбат бичигджээ.
Жүдоч А.Мөнхбатыг болон Монгол Улсын багийг энэ наадамд оролцож байгаа тамирчид бүгд л нэрсийн эхэнд байгаа учраас сонирхох нь мэдээж юм. Ийнхүү аавынхаа ховорхон нэрний ачаар паралимпын XVI наадмын танил тамирчин болж байгаа аж.
Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар “Токио-2020” паралимпын XVI наадамд оролцож байгаа улс орнуудын баг тамирчдаас Австралийн баг 10 медаль /6 алт, 1 мөнгө, 3 хүрэл/-тай тэргүүлж байгаа бол БНХАУ-ын баг өнөөдөр 2 алтан медаль хүртсэнээр 6 алт, 1 мөнгө, 2 хүрэл нийт 9 медальтай удаалж байна.