Бүүстэр тунг хийх шалтгаан, ДЭМБ-ын байр суурь

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-08-27 19:39:37

Коронавирус хувьсалд орсноор дельта, лямбда, эпсилон гэх мэт хэд хэдэн төрлийн аюултай хувилбар бий болсон бөгөөд тэдгээр нь халдварлах чадвар өндөр, вакцины үйлчлэлд өртөх нь бага гэдгээрээ анхдагч альфа хувилбараас илүү аюул учруулж болзошгүй юм. Иймээс хамгийн аюултайд тооцогдож буй дельта хувилбарыг газар авахуулахгүйн тулд вакцины бүүстэр тун буюу гуравдагч өдөөгч тунг тарих нь зүйтэй гэж үзэх болжээ.

Израиль, Турк зэрэг улсад бүүстэр тунг хэдийнэ тариад эхэлсэн байна. 16-аас дээш насны иргэдийнхээ 80 гаруй хувийг вакцинжуулалтад хамруулаад буй Израиль улсад 10 дугаар сард бүүстэр тунг хийхээр төлөвлөж, энэ зорилгоор 16 сая тун вакцин худалдан авч нөөцлөөд байгаа аж. Тус улсын Эрүүл мэндийн сайд Ницан Горовиц хэлэхдээ, Pfizer вакцины хоёр тунг тариулсан болон дархлаа нь суларсан иргэдэд бүүстэр тунг хийж магадгүй гэж мэдэгдлээ. Гэхдээ нэмэлт вакцинжуулалтыг улс орны хэмжээнд хийж эхлэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй аж.


Турк улсад эмнэлгийн ажилтнууд болон 50-иас дээш насныханд бүүстэр тунг хийлгэхийг санал болгож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган CoronaVac вакцинаар гуравдахь удаагаа тариулжээ. Мөн Азийн орнуудаас хамгийн түрүүнд Камбож улсад бүүстэр тунг хийж эхэлсэн байна. Их Британийн Вакцинжуулалт, дархлаажуулалтын нэгдсэн хороо “хамгийн түрүүнд вакцин хийлгэсэн эмзэг бүлгийн хүмүүст бүүстэр тунг тариулахыг санал болгох нь зүйтэй” гэж үзэж байна.


АНУ-ын ихэнх муж улсуудад дельта хувилбараар халдварласан тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа учраас гуравдагч тунг хийх асуудлыг нухацтай хэлэлцэж байна. Тус улсын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/, Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдэгдэхдээ “хоёр тун вакцин хийлгэсэн америкчуудад бүүстэр тунг хийх шаардлагагүй, гэхдээ хэрвээ дахин вакцинжуулах нь оновчтой гэдгийг эрдэмтэд баталбал 3 дахь тунг хийхэд бэлэн байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлэв. Ташрамд дурдахад, Америкийн дээрх 2 зохицуулагч байгууллагаас дэлхий дахинд хамгийн эрэлттэй Pfizer вакциныг хэрэглэх зөвшөөрлийг хэдхэн хоногийн өмнө эцэслэн баталсан билээ. Уг вакциныг яаралтай нөхцөл байдалд түр хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн оны 12 дугаар сард өгч байв.  


“Спутник V”, “Спутник Лайт” гэсэн 2 вакциныг гарган авсан Гамалеягийн нэрэмжит хүрээлэнгийн захирал А.Гинзбург ярихдаа, “Спутник V” вакцинаар тариулсны дараа бий болдог ой санамжийн эсүүд нь коронавирусний “энэтхэг хувилбар”-аас бүрэн хамгаалж чадахгүй байгаа учраас хагас жилийн дараа Спутник Лайт вакцинаар тариулж, эсрэг биетийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй” гэжээ. Мөн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны зөвлөмжинд “вакцинжуулалтад хамрагдсанаас хойш хагас жилийн дараа дараагийн тунг хийлгэх нь зүйтэй” гэсэн нь А.Гинзбургийн дүгнэлттэй тохирч байна.


Бүүстэр тунг хийх шалтгаан


Дахин вакцинжуулах буюу бүүстэр тунг хийнэ гэдэг нь эсрэгтөрөгчийг хүний биед дахин оруулна гэсэн үг. Жишээ нь, хүүхэд байхад сахуу өвчний /дифтери/ эсрэг вакциныг хийдэг байсан ба 18 нас хүрсний дараа давтан хийдэг байсныг хүмүүс санаж байгаа болов уу. Үүний дүнд вакцины үйлчлэх хугацааг уртасгаж, бие организмыг дахиад олон жилийн туршид хамгаална гэсэн үг. Учир нь, хүний биед эсийн дархлаа гэж байдаг бөгөөд энэ нь вирусний эсрэгтөрөгчийн /антиген/ талаарх мэдээллийг хадгалж байдаг. Уг ой санамж нь эсрэг биетүүд алга болсны дараа ч гэсэн хадгалагдсаар байдгаараа онцлогтой.


Үүний ачаар вирус хүний биед дахин нэвтэрсэн тохиолдолд дархлааны систем нь эсрэг биетүүдийг ялгаруулснаар халдварт өвчин тусахаас сэргийлдэг. Гэхдээ ой санамжийн эсүүд нь вируст цохилт өгч чаддаггүй тохиолдлууд байдаг учраас цар тахлын үед эсрэг биетийн хэмжээг тодорхой түвшинд байлгахын тулд ой санамжийг сэдээх шаардлагатай


Тодруулбал, коронавирусний шинэ хувилбарууд нь хүний төрөлхийн дархлаа болон вакцин хийлгэсний дараа тогтсон дархлааны хамгаалалтын саадыг “тойрон гарч” чаддаг байна. Ийм учраас ковид-19-ээр өвчилсөн болон вакцин хийлгэсэн хүмүүсийн аль аль нь дельта вирусээр өвчлөх магадлалтай. Тэгэхээр ямар нэгэн вакцины 2 тунг хийлгэнэ гэдэг бол коронавируснээс бүрэн хамгаалагдлаа гэсэн үг биш юм. Жишээ нь, CoronaVac вакцинаар тариулсны дүнд үүссэн эсрэг биетүүд II тунг хийлгэснээс хойш 6 сарын дараа алга болж байгаа учраас III тунг хийлгэх шаардлагатай гэсэн лабораторийн судалгааны дүн гарчээ.


Зарим төрлийн халдварт өвчний үед дархлааны хариу урвалыг идэвхжүүлэх, тухайн вирусний бусад хувилбарын эсрэг хариу урвалыг сэргээх зорилгоор бүүстэр тунг тарьдаг. Жишээ нь, халдварт саа өвчний эсрэг вакциныг насанд хүрсэн хүнд нэг л удаа хийхэд хангалттай байдаг бол ханиадны эсрэг вакциныг жил бүр хийх нь бий. Тэгэхээр коронавирус бол халдварт саатай бус харин ханиадтай илүү төстэй болж таарах нь. Мөн татран өвчний үед суларсан дархлааг сэргээхийн тулд 10 жил тутамд вакцин хийдэг.


Одоогийн байдлаар, коронавирусний мутацид орсон шинэ хувилбаруудын эсрэг вакцины үр дүнгийн талаарх судалгааг идэвхтэй хийж байна. Pfizer компанийн ерөнхий захирал Альберт Бурла-гийн ярьснаар, саяхан хийсэн туршилтын явцад бүүстэр тунгийн тарилга нь стандарт хоёр тунгийн үр нөлөөтэй харьцуулахад коронавирусний дельта хувилбарын эсрэг дархлааг эрс нэмэгдүүлж байгаа нь батлагджээ. Тодруулбал, туршилтанд хамрагдсан 18-55 насны сайн дурынханд хоёрдахь тунгаа хийлгэснээс нь хойш 6-8 сарын дараа бүүстэр тунг тарьж туршихад дельта хувилбарын  эсрэг эсрэгбиетийн түвшин дунджаар тав дахин нэмэгдсэн бол 65-85 насны сайн дурынхны хувьд уг үзүүлэлт 11 дахин нэмэгдсэн байна. Тэр ч бүү хэл, бүүстэр тунг хийсний дараа дельта хувилбарыг саармагжуулах магадлал нь II тунгийн үр нөлөөтэй харьцуулахад 100 дахин өсөх боломжтой гэсэн “хэт өөдрөг” дүгнэлтийг хийжээ.

Мөн Оксфордын их сургуулийн эрдэмтэд 2 дахь тунг хийснээс хойш 6 сарын дараа астразенекагийн вакцины бүүстэр тунг хийж туршихад эсрэг биетийн тоо нэмэгдэж, коронавирустэй тэмцэх Т-эсийн чадвар сайжирсан байна. Харин Oxford Vaccine Group судалгааны төвийн профессор Эндрю Поллард-ын ярьснаар бол, намар гэхэд хүмүүст бүүстэр тунг хийгээд эхлэх нь зөв үү гэдэг нь тодорхойгүй байгаа, гэхдээ бүүстэр тун ямар ч байсан үр дүнтэй гэдэг нь судалгаагаар батлагдсан болой.


Америкийн "Moderna" компани гурав дахь өдөөгч тарилгын клиник туршилтыг эхлүүлж, “Moderna" вакцины хоёр тунг тариулсан иргэдэд 50 микрограмм өдөөгч тунг тарихад дархлааны урвал нэмэгдэж, дельта хувилбарын эсрэг хариу урвал үүсч байжээ. Харин вакцин хийлгээгүй хүмүүст 100 мкг өдөөгч тунг тарихад хоёр тун вакцинаар дархлаажуулсантай тэнцэх хэмжээний эсрэг биет үүссэн байна.  


Азнахыг уриалсан ДЭМБ-ын байр суурь


Европын орнуудаас хамгийн түрүүнд Унгар улс гуравдахь тунг иргэддээ хийнэ гэдгээ мэдэгдсэн бол АНУ, Израиль, ОХУ, АНЭУ бүүстэр тунг иргэддээ санал болгоод байна. 9 дүгээр сараас эхлэн Герман, Францад гуравдагч тунг хийж эхлэх төлөвтэй байна. Австри, Хорват улсууд вакцины “хүчинтэй хугацаа” гэдгийг тогтоосон бөгөөд жуулчдын хувьд, хоёрдахь тунгаа тариулснаас хойш 9 сарын дотор уг хоёр улсад жуулчлах боломжтой.


Харин “баян улсууд”-ын ийм бодлогыг ДЭМБ огт таашаахгүй байна. Өмнө нь тус байгууллагаас хэдэнтээ мэдэгдэж байснаар, дэлхий даяараа вакцинжуулалтад хамрагдаагүй нөхцөлд цар тахал хэзээ ч зогсохгүй. Дэлхийн хүн амын зарим хэсэг нь вакцинд хамрагдахгүй байхын хэрээр коронавирусний мутацид орсон шинэ хувилбарууд үүсэх магадлал өндөр болох ба ингэснээр баян орны иргэд хэчнээн ч удаа вакцин хийлгэлээ гэсэн үр дүн нь “0” болж, дахиад л шинэ төрлийн штаммаар өвчилнө гэсэн үг. Одоогийн байдлаар, амьдралын түвшин өндөртэй улсуудын хүн амынх нь 70-80 хувь вакцинжуулалтад хамрагдаад байгаа бол Африк тивд уг үзүүлэлт дөнгөж 2 хувьтай байна.


Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус "Файзер", "Модерна" компаниудад хандан “вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой, 172 орныг нэгтгэдэг КОВАКС хөтөлбөрт идэвхтэй оролцож, бага ба дунд орлоготой улс орнуудад вакцинаа нийлүүлэхийг уриаллаа. ДЭМБ-ын зүгээс, бүүстэр тунг хийх нь аюултай гэж мэдэгдээгүй боловч шинжлэх ухааны туршилтаар аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдаагүй учраас нэмэлт вакцинжуулалт хийхээр яарах хэрэггүй гэсэн байр суурьтай байна. Ийм учраас 9 дүгээр сарыг дуустал бүүстэр тунг хийхгүй байхыг ноён Т.Гебрейесус уриалаад “ядуу улс орнууд улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууддаа эхний тунг хийж амжаагүй байхад чинээлэг орнууд 3 дахь тунг хийж эхлэх тухай ярьж байгаа нь зохимжгүй” гэдгийг санууллаа. Мөн ДЭМБ-ын дэд захирал Сумия Сваминатан хэлэхдээ “бүүстэр тунг тарих нь зүйтэй гэсэн компаниудын мэдэгдэлд бус харин шинжлэх ухааны бодитой судалгаанд үндэслэн гуравдагч тунгийн асуудлыг шийдэх ёстой” гэсэн байна.

Яг одоогийн байдлаар AstraZeneca, Moderna, Pfizer/BionTech, Sinopharm, Sinovac, Johnson & Johnson гэсэн 6 вакциныг хэрэглэхийг ДЭМБ зөвшөөрсөн бөгөөд тус байгууллагын дүгнэж байгаагаар, эдгээр вакцины 2 тунг тариулсан тохиолдолд Ковид-19-ээс хангалттай түвшинд хамгаалагдаж байгаа ба дельта хувилбараар өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа аж. ДЭМБ-ын шинжээчдийн тайлбарласнаар бол, ковид-19-ээр өвчилсөн тохиолдолд хүндрэх магадлалтай хүмүүсийг коронавирусний янз бүрийн хувилбараас хамгаалахын тулд жил бүр вакцинжуулалтад хамруулах нь зүйтэй, харин бусад хүмүүсийн хувьд 2 жилд нэг удаа вакцин хийлгэхэд хангалттай ажээ.   


Бүүстэр тарилга Монголд эхэлсэн нь


ДЭМБ-ын зүгээс “бүүстэр тунг 2 сараар хойшлуулах нь зүйтэй, ядуу буурай орнуудын вакцинжуулалтын түвшнийг ядаж 10 хувьд хүргэсний дараа нэмэлт вакцинжуулалтыг эхлүүл ” гэж зөвлөх, ятгах, уриалахын завсар мэдэгдсээр байгаа хэдий ч уг зөвлөмжийг ойшоож буй улс цөөхөн байна. Үр дүнтэй гэдэг нь үндсэндээ тодорхой болчихсон тул ДЭМБ бүүстэр тунг дэмжих нь гарцаагүй хэмээн үзэж буй баян орнууд цаг алдахыг хүсэхгүй байна. 


Дархлаажуулалтын явц өндөр хувьтай байгаа манай улс ч гэсэн баян орнуудыг дууриан бүүстэр тунг тариад эхэлжээ. Иргэдийн дунд III тунд хамрагдах идэвх сонирхол их байгаа боловч энэ талаарх тодорхой мэдээлэл тэдэнд хараахан хүрээгүй байна.  


Одоогоор яг тодорхой болсон зүйл гэвэл, Эрүүл мэндийн сайдын тушаалаар зорилтот бүлэг буюу олон хүнтэй харилцдаг, "улаан бүс"-эд ажилладаг эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдад сайн дурын үндсэн дээр астразенека вакцины бүүстэр тунг хийхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн ахмад настнууд сайн дурын үндсэн дээр, эмчийн хяналтан дор нэмэлт вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Үүний дагуу 8 дугаар сарын 24-ний өдрөөс бүүстэр тунг тарьж эхэлсэн байна. Тодорхой хэлбэл, зөвхөн астразенека вакцины нэг, хоёрдугаар тунг хийлгэсэн, ковид-19-ээр өвдөөгүй зорилтот бүлгийн хүмүүст бүүстэр тунг тарьж байгаа бөгөөд бусад вакциныг хийлгэсэн хүмүүс энэ удаагийн тарилгад хамрагдах боломжгүй.


Б.Адъяа 

Холбоотой мэдээ