Калифорнид 30 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-08-31 13:41:56

НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-ын Калифорни муж улсын Эль-Дорадо тойрогт гарсан “Калдор” ойн түймрийн улмаас 30 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна гэж муж улсын захирагчийн ажлын алба мэдэгджээ.


Калифорнийн зүүн хэсэгт өнгөрсөн наймдугаар сарын дундуур дэгдсэн түймрийн талбай даваа гарагт 700 хавтгай дөрвөлжин км-ээс давжээ. Түймэр хүн ам суурьшсан нутгуудад ойртож эхэлсэн тул муж улсын эрх баригчид Эль-Дорадод нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зарлахаас өөр аргагүй болсон байна.


Түймэр мөн жуулчид амрах дуртай Тахо нуур орчмын рашаан сувиллын газруудад аюул учруулж байгаа аж. Онцгой байдлын албаныхны тооцоолсноор, түймэрт 20 мянга хүртэлх барилга байгууламж сүйдэж болзошгүй байна.


Калифорнид ойн түймрийн нөхцөл байдал хүнд хэвээр байна. Даваа гарагт тус муж улсын захирагчийн ажлын албанаас  наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 17-ныг хүртэл ойн бүсэд аялж зугаалахыг хориглох шийдвэр гаргажээ.


 


Холбоотой мэдээ