"Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээ өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-01 20:46:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээ өрнүүлж байна.

Хүүхэд багачуудыг гэмт хэрэг болон зам тээрийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготой уг арга хэмжээг  18 хоногийн турш зохион байгуулах аж.

Өнөөдөр аймгийн Цагдаагийн газрын 36 алба хаагч Өлгий хотод 18 чиглэлд сургуулиудын орчмын замын гарцуудад явган эргүүл хийлээ. Энэ хүрээнд 8 сургуулийн  4-6  дугаар ангийн 95 сурагчид  мэдээлэл, зөвлөгөө өгч, 120 ширхэг постер тараалаа.

Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд шинэ хичээлийн эхний өдөр тээврийн хэрэгслийнхээ гэрлийг асааж явах, хүүхэд багачуудад зам тавьж өгөх, эцэг, эхчүүдэд 10-аас доош насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар яриа таниулга хийв.

Ташрамд сануулахад, 2021 оны эхний 8 сарын байдлаар тус аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас  7 хүүхэд гэмтэж,  3 хүүхэд амь насаа алдсан. Энэ төрлийн хэрэг гарахад эцэг эхийн хариуцлага, хайхрамжгүй байдал, архидалт нөлөөлж байгааг албаны хүн хэлж байна. 





Холбоотой мэдээ