Хиймэл оюун ухааны технологи ашиглан үргүйдлийг эмчлэх туршлагаас хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-02 12:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Юань Рун эмнэлгийн холбоо болон Мао Шэн эмнэлэг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран “Үргүйдлийг эмчлэх хиймэл оюун ухааны технологийн шинэ эрин үе-Хиймэл оюун ухааны технологийн тусламжтай үр хөврөлийг сонгож суулгах нь” сэдэвт видео хэлэлцүүлгийг 8 дугаар сарын 27-нд зохион байгуулав.


Энэ үеэр тайваньчууд сүүлийн үеийн хиймэл оюун ухааны технологийг ашиглан үр хөврөл суулгаж буй туршлагаасаа хуваалцсан юм. Энэхүү эмчилгээний үр дүн маш сайн үзүүлэлттэй байгаа төдийгүй үр тогтолтын түвшин эрс нэмэгдсэн нь энэ чиглэлээр талууд харилцах, хамтран ажиллахад түлхэц болж байна.


Юань Рун эмнэлгийн холбооны ерөнхий захирал Жан Кэ Ши хэлэхдээ, “Манай эмнэлгийн холбооны төлөөлөл өмнө нь Налайх дүүрэгт зочилж, оношилгоо үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байсан. Цар тахал дэгдээд буй энэ цаг үед талууд харилцан зочлох, боловсон хүчин солилцох ажлууд түр зогссон ч Монгол орны түнш эмнэлгүүдтэй видео хэлэлцүүлэг болон шинэ технологийн тусламжтай Юан Рун эмнэлэг алсын зайнаас туршлага солилцох, эмчилгээ үйлчилгээнд дэмжлэг үзүүлсэн хэвээр байна. Цар тахал удалгүй намжин, талууд эмчилгээ үйлчилгээ, Тайвань руу өвчтөн шилжүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтэн сургалтад хамруулах чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлнэ гэж найдаж байна” гэв.  


Түүнчлэн Юань Рун эмнэлгийн холбоо Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээнд алсын зайнаас гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулсан юм. Ингэснээр Юань Рун эмнэлгийн холбоо Монголд хамтран ажилладаг нийт 18 түнш эмнэлэгтэй боллоо.

Мао Шэн эмнэлгийн Нөхөн үржихүйн анагаах ухааны төвийн гүйцэтгэх захирал Ли Жүн И хиймэл оюун ухааны тусламжтай өндөр чанартай үр хөврөлийг сонгож, эхийн биед суулгасны дараах жирэмслэлт нь энгийн үр хөврөлийнхөөс хавьгүй өндөр эмчилгээний үр дүн үзүүлж буй тухай тайлбарлав.


Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга С.Манатбек нар хэлсэн үгэндээ, "Тайвань өнгөрсөн тавдугаар сард дэгдсэн халдварын давалгааг хяналтдаа авч, дотоодын халдварын тоо өдөрт 500-гаас дээш байсныг нэг оронтой тоонд хүргэн бууруулсан нь бахархууштай юм. Тайваньчууд дотооддоо хөгжүүлсэн вакцинаа иргэдэд тарьж эхэлсэн төдийгүй Тайванийн Засгийн газраас зөв зүйтэй хариу арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж, эмнэлгийн ажилтан албан хаагчид халдварт өвчний эсрэг тэмцэл өрнүүлж байна. Юань Рун эмнэлгийн холбоо цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед ч өөрийн туршлагаас хуваалцаж буйд гүнээ талархаж байна" гээд цаашид эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ сургалтад хамруулж, Тайваниас туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

  

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, “Тайванийн үргүйдлийн эмчилгээний технологи нь Европ, Америкийн орнуудтай дүйцэхүйц, эмчилгээний өртөг харьцангуй боломжийн гэдгээр бид бахархдаг. Тайваньчууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл сайтай, Засгийн газраас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч хэрэгжүүлж байгаа, эмнэлгийн нөөц хангамж сайтай учир гадаад иргэд цар тахал дэгдээд байгаа энэ цаг үед ч үр шилжүүлэх эмчилгээ хийлгэхээр Тайванийг зорьсон хэвээр байна. Түүнчлэн Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг нь Монгол Улсын эмнэлгүүдэд хуруу шилний аргаар үр суулгах эмчилгээний технологийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Юань Рун эмнэлгийн холбоо Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудтай урт удаан хугацааны турш харилцан хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэхийн сацуу цар тахал удалгүй намжиж, Монгол болон бусад улс орнуудаас үргүйдэлтэй нүүр тулгарсан хосууд Тайванийг зорин, үр хүүхэдтэй болох мөрөөдлөө биелүүлж, хоёр талын эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ч харилцан зочлох үйл хэргээ дахин эхлүүлж, илүү олон хүмүүст сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” гэв.

 

Холбоотой мэдээ