Токиогийн наадмын тамирчин халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-09-03 11:43:52

ТОКИО. /Kyodo/. Токиогийн наадам эхэлснээс хойш тамирчин “COVID-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос пүрэв гарагт мэдээлжээ.


Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Масанори Такаягийн мэдээлснээр, Паралимпын наадамд өрсөлдсөн гадаадын тамирчин мягмар гаргийн орой эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь тийм ч хүнд биш байна.


Паралимпын наадамтай холбоотой халдварын 13 тохиолдол шинээр илэрсэн талаар тус хороо пүрэв гарагт мэдээлжээ. Ингэснээр наймдугаар сарын 12-ноос хойш бүртгэгдсэн ийм тохиолдлын нийт тоо 275-д хүрчээ.


Үүнээс гадна Бельгийн теннисчин Иоахим Жерар тамирчдын хотхонд ухаан алдсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн талаар Олон улсын паралимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч Крейг Спенс мэдээлжээ. Тамирчин зүрхний өвчний улмаас ухаан алдсан байж магадгүй байна.


Өдгөө 32 настай И.Жерар лхагва гаргийн орой эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа ухаан орж, асуултад хариулж эхэлсэн гэж Бельгийн Үндэсний паралимпын хорооноос хожим нь мэдэгджээ.


Токиогийн Олимпын наадам 17 хоног үргэлжлэн наймдугаар сарын 8-нд өндөрлөсөн бол 13 өдөр үргэлжлэх Паралимпын наадмын хаалтын ёслол энэ долоо хоногийн ням гарагт болно.


Японд “COVID-19”-ийн өөр нэгэн давлагаа дэгдэж, нийслэл хот тэргүүтэй олон бүс нутагт онцгой байдал тогтоогоод байгаатай холбоотойгоор Токиогийн наадмыг ерөнхийдөө танхимын үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа билээ. 

Холбоотой мэдээ