Архангайн уран бүтээлчдийн 1600 оноос хойших бүтээлийг боть ном болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-05 17:34:10

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн утга зохиолын "Хантамир" төвийн төлөөлөл аймгийн Засаг даргатай уулзжээ. 

Энэ үеэр аймгийнхаа 100 жилийн ойд зориулан Архангайгаас гаралтай 400 гаруй уран бүтээлчийн бүтээлээр “Хантамирын ай” номыг гаргахаар бэлтгэж байгаагаа дуулгасан байна.

Энэхүү ботийг бүтээхэд аймгийн Засаг дарга М.Батжаргал дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Хантамир төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан  нутгийн "АВ" телевизд ярилцлага өгөхдөө "1600-гаад оноос хойш буюу анхны Зая гэгээний бүтээлээс эхлээд Архангай нутгаас төрсөн уран бүтээлчдийн 400 орчим жилийн хугацааны бүтээлийг нэгтгээд аймгийнхаа 100 жилийн ойд бэлэг барьж байна. 1500 хуудастай, 400 орчим зохиолч, яруу найрагч, шүүмж судлаач, дууны шүлэг зохиогч, мөн зураачдын бүтээл багтана. 

Ойрын 20 жилдээ гарахааргүй номыг бэлтгэж ирлээ. Манай төвөөс санаачлан хийж байгаа ажлуудын нэгийг аймгийн Засаг дарга дэмжихээр болсонд талархалтай байна" гэжээ.

Тодотгоход, Архангай аймгийн Утга зохиолын нэгдэл анх 1955 онд байгуулагдаж байжээ. 2018 онд шинэчлэгдэж, МЗЭ-ийн дэргэдэх Архангайн утга зохиолын Хантамир төв нэртэй болсон байна. Архангайгаас гаралтай бүх зохиолч, яруу найрагч нэгдэж, аймаг руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж.

 


Холбоотой мэдээ