Төсөлд хамрагдсан өрхийн 60 хувь нь тогтвортой амьжиргаанд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-09 11:12:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас “Өрхийн Хөгжил-320” төслийг Өвөрхангай аймагт 2018 оноос хойш хэрэгжүүлж байна.

Энэ сарын 30-нд дуусгавар болох тус төслийн үр дүнд Арвайхээр сумын 4, 9, 10,11 дүгээр багийн нийт 311 өрхийн 846 насанд хүрэгч, 824 хүүхэд эрүүл мэнд, оюун санаа болоод эдийн засгийн хувьд эерэг өөрчлөлтөд хүрч, өрхийн амьжиргаагаа сайжруулах идэвх сонирхолтой болжээ.

Тухайлбал, сонгогдсон өрхүүдийн гишүүдийг боловсрол, эрүүл мэнд, амьдрах ухаан болон эдийн засгийн нөхцөл байдлыг цогцоор нь дэмжиж тогтвортой амьжиргаанд хүргэх нь төслийн зорилго бөгөөд нийт өрхийн 60 хувь нь тогтвортой амьжиргаанд хүрсэн гэх дүгнэлттэй байна.

Орон нутгийн ядуурлын түвшинг бууруулна гэдэг бол зөвхөн төрийн юм уу, эсвэл төслийн байгууллагын хариуцах ажил биш. Энэ бол хамтын ажиллагааны үр дүн. Тиймээс бид төсөл хэрэгжүүлж эхэлсэн цагаас эхлэн холбогдох байгууллагуудтай төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах, ажлын арга барилаа солилцох, мэдээллээ нээлттэй ил тод байлгах, ажиллах хүчийг хамтран хуваарилах гэх мэт олон зүйл дээр үр дүнтэй нягт хамтран ажилласан” хэмээн төслийн менежер Ц.Цогзолмаа хэлэв.

Холбоотой мэдээ