Шатахуун дууссан шалтгаанууд

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-10-01 13:50:34

Монгол Улс даяар шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний нөөц шавхагдсан, нэг улсаас хэт хамааралтай энэ салбарын зах зээл дээр томоохон шуугиан дэгдсэн өдрүүд үргэлжилж байна. Манайх сард 40 орчим мянган тонн шатахууны хэрэглээтэй улс. ОХУ-аас сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 шатахуун авах гэрээтэй боловч Роснефть компани есдүгээр сард нийлүүлэх байсан АИ-92 шатахууны захиалгыг 70 хувиар бууруулсан нь манайд ийнхүү хүндхэн цохилт болж сандаргалаа. Шатахуун борлуулах цэгүүдэд урт дараалал үүсч, нэг автомашинд өгөх шатахууны хэмжээнд хязгаар тогтооход ч хүрэв.


Гол импортлогч ОХУ-ын дотоод дахь зах зээлийн боломж нөхцөл, газрын тос боловсруулах үйлдвэрийн их засвар, намрын ургац хураалтын цаг эхэлсэнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдсэн зэрэг хэд хэдэн шалтгаан импортод нөлөөлсөн гэж буй. Шатахууны нөөц тасалдалыг арилгахын тулд БНХАУ-аас шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах нэмэлт захиалга өгч, татан авалтуудыг хийж байна. Мөн ОХУ-ын Роснефть компанитай уулзалт хэлэлцээр хийж байж яаралтай нийлүүлэхээр болсон 1500 тонн АИ-92 шатахуун эхнээсээ ирсэн. Өмнөд, хойд хоёр хөршөөс оруулж ирэх вагоны тээвэрлэлтийг шуурхай саадгүй, яаралтай татан авах тал дээр Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, бусад холбогдох байгууллагууд зохион байгуулалтад орж ажиллаж байгаа. Ингэснээр цөөхөн хоног ч атугаа гал таслахааргүй нөөцтэй болж авлаа.




ОХУ-ын хувьд дотоодын хэрэгцээ болон зах зээл дэх үнийн өсөлт нь экспортод ихээр нөлөөлж байгаа юм.  Дотооддоо хомсдол бий болсон учраас экспортлох эсэх дээр одоо ч мөн маргаантай байна. Хэдийгээр манай улс импортын бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангадаг ч үнийн хувьд харьцангуй хямд, ОХУ дотооддоо түгээдэг үнээс ч доогуур.


Өнгөрсөн долоодугаар сард ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгинов бирж дэх үнэ өсвөл шатахуун экспортоо зогсооно гэж мэдэгдэж байсан юм. Түүнээс ч өмнө буюу дөрөвдүгээр сард ийм байдал үүсч болзошгүй тухай мэдээг тус улсаас манайд хүргүүлсэн байдаг. Гэхдээ бүтээгдэхүүн эспортоо хязгаарлах тухай тодорхой шийдвэр гаргалгүй байсаар наймдугаар сарын сүүлчээр мэдэгдэл ирүүлсэн. Нийлүүлэлтээ танах тухайгаа тун давчуу хугацаанд мэдэгдсэн нь энэ тал дээр манайх бэлтгэлтэй байх боломж бараг байгаагүй гэхэд болно. Гэхдээ эрсдэлийг тооцоолж илүү олон хоногийн нөөц бүрдүүлсэн байх ёстой байсан нь мэдээж хэрэг.


Шатахууны доголдол хомсдолыг одоогоор бололцооны хэрээр арилгахыг хичээж, гал намжааж буй ч гэлээ цаашид хэт хараат байдлаас үүддэг хямралд өртдөггүй болох арга зам яаралтай олох шаардлага угаас бий. Энэ байнгын сэдэв байсаар ч ирсэн. Зөвхөн хойд хөршөөс бүрэн хамааралтай зах зээлийнхээ эрсдэлийг бууруулахын тулд импортын суваг нэмэх, бусад улс орнуудаас бүтээгдэхүүн худалдан авдаг болох, гарц нээх өөр боломжийг эрж хайх хэрэгтэйг шинжээчид зөвлөдөг.

 

Одоо газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байгуулах ажлыг зогсоож хойшлуулахгүй байхад чармайлт гаргахгүй бол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа шатахууны хэрэглээгээ дийлэхгүй, нөөцгүй болж сандардаг байдал хэзээ дахин давтагдахыг хэлж мэдэхгүй. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна гэж байгаа. 2017 оноос эхэлсэн энэ төслийн ажил бодитой болтол дахин дахин хомстол үүсэхгүй гэх баталгаа алга.


Манай улс жилд 1,2 тэрбум орчим ам.доллараас шатахуун импортолдог хэрнээ нэг сая орчим тонн газрын тос түүхийгээр нь экспортолдог. Газрын тосны нөөц 332 сая тонн, дэлхийд 33-т ордог. Цаашид хайгуулын ажлыг эрчимтэй явуулж ашиглалтын баталгаат нөөцөө нэмэхэд анхаарах хэрэгтэйг салбарынхан хэлж байгаа. Өөрийн бүтээгдэхүүнээ ашиглаж хэрэглэж чадахгүй өдий хүрсэн манай улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихвол эхний ээлжинд дотоодын хэрэгцээний 50-аас илүү хувийг хангах бололцоотой болох юм. Гэвч техник технологийн өөр хэлбэрт алгуур шилжих шаардлага хэтдээ бий. Дэлхийн улс орнуудын чиг хандлага ч мөн экологийн хувьд цэвэр түлшний хэрэглээг сонгоход чиглэж байна.


Стратегийн гол бүтээгдэхүүн болох газрын тосны хангамж, үнэ, нийлүүлэлтийг Монгол Улсын Засгийн газар нэн тэргүүнд анхаардаг ч зуун хувь импортоос хамааралтай энэ салбарыг хэвийн авч явахад үнэндээ хялбар биш. Нэг мөр хямруулчихгүй байхын тулд хувийн хэвшилтэй ухаалгаар хамтрах нь чухлыг эдийн засагчид сануулдаг. Тухайлбал татварын зөв тооцоотой бодлого хэрэгжүүлж, дэлхийн зах зээл дээрх үнэтэй уялдуулан татварын уян хатан нөхцлөөр импортлогч компаниудаа дэмжиж явах гэх мэт саналуудыг тэд хэлдэг юм. Гэхдээ манайд энэ тал дээрх бодлого огт оргүй гэсэн үг бас биш. Засгийн газар 2018 онд онцгой албан татварыг тэглэснээр өнөөдрийг хүртэл АИ-80, АИ-92 өргөн хэрэглээний шатахуунд онцгой албан татвар ногдуулахгүй яваа билээ. Энэ салбарт импортлогч 100 гаруй, жижиглэнгийн худалдаа эрхлэгч 30 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж  байна.


Тээврийн хэрэгслийн тоо сүүлийн арав хүрэхгүй жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн, нийтийн тээврийн хөгжил маш муу, иргэдийн хэрэглээний ухамсар зохистой түвшинд биш гэх мэт олон шалтгаан энэ доголдолд хүчтэй нөлөөлж буйг ч шинжээчид дурдаж байна. 

Холбоотой мэдээ