Идэр насны, архаг суурь өвчингүй бол эмнэлэгт яаран хэвтэхгүй байхыг зөвлөлөө

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-09-13 18:34:19

Дорнод /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн захирал Д.Должин: "Идэр насны, архаг суурь өвчингүй бол эмнэлэгт яаран хэвтэхгүйгээр эмчийн зөвлөгөөгөөр гэртээ өөрийгөө тордож, сэтгэл зүйгээ тайван байлгах шаардлагатай. Улаан бүсэд байдал маш хүнд байна" гэв. Учир нь энгийн ханиадны үед ч эхний 3-4 хоногт халуурах, үе мөч өвдөх, бие тавгүйрхэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэ үед шөлтэй хоол идэж, унтаж амарч, эмчийн заавраар гэртээ эмчилгээ хийн, эм тангаа ууж өөрийгөө эмчлээсэй гэж хүсэж байна гэлээ. Иргэд үүнийг ухамсарлаж чадвал хүндэрч болзошгүй ахмад настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд, вакцингүй бүлгийн хүүхдүүд, ХБИ, архаг суурь өвчтэй хүмүүстээ илүүтэй хүрч, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Улирал солигдож байгаа энэ үед дулаан хувцаслаж, халуун бүлээн хоол хүнс хэрэглэхийг ч зөвлөж байна.

БОЭТ өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахаас гадна ковидын тасгуудад хүрч үйлчлэхийн тулд жирийн үеэс хэд дахин их ачаалал үүрч байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1277 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дотор нэлээд нь жирэмсэн эмэгтэйчүүд байна. Тиймээс өдөртөө 1-2 хүнд яаралтай кесоров хагалгаа хийж, хүндрэлээс сэргийлж байгаа юм. Маргаашаас Төрөх тасагт улаан бүс байгуулж, өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээж авч эмчлэхээр болсныг дуулгалаа. 

 

Холбоотой мэдээ