Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-15 14:43:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ. 


Тодруулбал, Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг, Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү, Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав. 


Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журамтай, нэг цонхоор харж ажиллахыг Элчин сайд нарт захилаа.


Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутгийн хэмжээнд эх орноо сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ