Филиппиний алдарт боксчин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-20 12:20:35

МАНИЛА. /BBC/. Филиппиний алдарт боксчин Мэнни Пакьяо ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. 


Түүнийг эрх баригч намын фракц "Ардын хүч-Ардчилсан нам"-аас /PDP-Laban/ нэр дэвшүүлсэн байна. Боксын спортын төрөлд гялалзсан өндөр амжилт үзүүлсэн, 42 настай М.Пакьяо нь одоо парламентын сенатч юм.


Филиппиний одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хувьд сонгуульд улиран сонгогдох боломжгүй болсон ч түүнийг өрсөлдөгч намын фракцаас дэд Ерөнхийлөгчийн албанд нэр дэвшүүлэхээр сонгоод байна. Харин шүүмжлэгчдийн хувьд энэхүү шийдвэрийг эрх мэдэлтэй зууралдах оролдлого гэж үзэж байна.


Түүнийг ойрын холбоотон Кристофер "Бонг" Гогийн хамт сонгосон ч Р.Дутертегийн халааг авах хүсэлгүй байгаагаа К.Го илэрхийлжээ. Түүний нам К.Гог шийдвэрээ эргэн хараасай хэмээн хүсэж байгаа ч тийнхүү татгалзсантай холбоотойгоор Р.Дутертегийн охин Сара Дутерте-Каприо нэр дэвшиж магадгүй байна.


М.Пакьяогийн боксын карьерийн тухайд, тэрбээр дэлхийн найман өөр жингийн төрөлд ялалт байгуулсан цорын ганц тамирчин юм. Харин өнгөрсөн сард Кубын тамирчин Йорденис Угасын эсрэг хийсэн тоглолтдоо ялагдал хүлээснийхээ дараа тэрбээр зодог тайлах талаар тунгаан бодож буйгаа ярьжээ.


Алдарт боксчин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх саналыг хүлээн авсныхаа дараа, “Би тулаанч хүн. Миний бие рингэн дээр ч, рингийн гадна ч үргэлж тулаанч хэвээр байх болно” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр ядуурал, авлигын эсрэг кампанит ажил өрнүүлэхээ амлажээ.


Хэдийгээр М.Пакьяо улс орондоо нэр хүнд сайтай хэдий ч хүчтэй өрсөлдөөнтэй тулгарах төлөвтэй байна. Тухайлбал, олон нийтийн санал асуулгуудад тогтмол С.Дутерте-Каприо тэргүүлж байна. Мөн одоогийн байдлаар "Ардын хүч-Ардчилсан нам"-ын аль фракцыг 2022 оны сонгуулийн комисс хүлээн зөвшөөрөх нь тодорхойгүй байна. 

Холбоотой мэдээ