9.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт цогцолбор барих ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-20 17:12:11

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд усан бассейн бүхий спорт заал барих 9.9 тэрбумын хөрөнгө оруулалт тусгагдаж, ТӨБЗГ-аас гүйцэтгэгчийг цахимаар сонгон шалгаруулсан байна.

Энэ оны 6-7 дугаар сард явуулсан тендер шалгаруулалтад гурван компани оролцох саналаа илгээснээс “Эх бүрдэн” ХХК гүйцэтгэгчээр шалгарчээ. Тус компанийнхан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хэлцэл байгуулж,  техник тоног төхөөрөмжөө татан, ажлаа эхлүүлээд байна.

Энэхүү бүтээн байгуулалтад нь 1008 м.кв талбай бүхий 260 суудалтай спорт заал, 500 м.кв усан бассейнаас гадна бокс, бөхийн барилдаан, фитнесийн заал, уулзалт, сургалтын болон оффисын танхимуудтай, хоёр давхар байгууламж болох юм. Цогцолборыг Хэрлэн сумын нэгдүгээр баг, Залуус хорооллын 18-р цэцэрлэгийн баруун талд буюу Төмөр зам руу явдаг авто замын баруун талд барихаар шийдвэрлэж, Хэрлэн сумын ИТХ-ын тогтоолоор газар олгосон байна.

Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгыг гурван жилийн хугацаанд барьж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ