ДОРНОД: Цаг агаарын аюулт үзэгдэл болохыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-19 18:48:32

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө нутгийн хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг анхааруулав.


Яг одоогийн байдлаар Дорнод аймгийн Гурванзагал, Чулуунхороот, Чойбалсан сумын нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхитай байна. Салхи ихэвчлэн баруун хойноос секундэд 12-17 метр, Дашбалбар, Баяндун, Гурванзагал, Чулуунхороот, Баян-Уул, Матад, Халхголын сав нутгаар зарим үед 19-23 метр хүрч ширүүсэж байна. Харин бусад нутгаар секундэд 8-11 м/с байна гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.


Уржигдар Чойбалсан сумын нутагт гарсан түймрийг өчигдөр 17:00 цагийн үед бүрэн унтраасан бол өчигдөр Халхгол сумын Ташгай багийн нутагт БНХАУ-ын талаас орж ирсэн хээрийн түймрийг 03:00 цагийн орчимд бүрэн унтраажээ.


Одоогийн байдлаар Халхгол сумын Ялалт баг, Сэргэлэн сумын нутагт түймрийн эрсдэл нэн аюултай, бусад нутгаар аюултай, Баянтүмэн сумын нутгаар дунд зэрэг байна. Харин Дашбалбар, Баян-Уул, Баяндун сумын нутгаар 1.0-3.0 мм цас орсон тул түймрийн аюул бага түвшинд байгаа юм.




Холбоотой мэдээ