Х.Энх-Амар, О.Тулга нар эхний өрсөлдөгчөө яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын нийслэл Москва хотноо Дэлхийн армийн 58 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд 36 орны 231 тамирчин 10 жинд хүчээ сорьж эхэллээ.
Тус тэмцээнд эх орноо төлөөлж Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид өрсөлдөж байна. Дэлхийн армиудын АШТ-ий нээлтийн ёслолд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, армийн генерал Николай Панков оролцож, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Оросын баатар, армийн генерал Сергей Шойгугийн мэндчилгээг хүргэжээ.
Мөн Олон улсын армийн
спортын зөвлөлийн ерөнхийлөгч Колонел Эрве Пиццирилло, Олон улсын боксын холбоо
/AIBA/-ны ерөнхийлөгч Умар Кремлев, Оросын боксын холбооны
ерөнхий нарийн бичгийн дарга Кирилл Шчекутев зэрэг албаны төлөөлөгчид оролцсон байна.
Армийн ДАШТ-ий эхний
өдөр эмэгтэй 51 кг-ын жинд Э.Мөнхцэцэг Бразилын Жезүс де Соуза Гразиелтэй, 60 кг-д
Г.Бадмаараг Узбекистаны Райхона Кодироватай тус тус тулалдаж ялагдан, тэмцээнээ
дуусгажээ.
Харин өчигдөр /2021.09.20/
эрэгтэй 56 кг-д Азийн тивийн аварга Х.Энх-Амар Бразилын тамирчин Габр
Насчиментотой тулалдаж ялсан бол 60 кг-д О.Тулга Шри Ланка улсын тамирчин
Жеванта Тисханка Бамунуг ялсан байна.
Армийн ДАШТ-ий финалын
тулаанууд 9 дүгээр сарын 25-нд болно.