Сарын дундаж цалин 993.6 мянган төгрөг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 45.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 698.2 мянган ажиллагчин хамрагдлаа.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх
оны мөн үеийнхээс 1.5 (3.5 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 579 (1.3 хувь)-өөр, ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 21.9 (3.2 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 16.2 (2.4 хувь) мянгаар нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт
даатгуулагчийн 104.7 (15 хувь) мянга нь боловсролын, 89.5 (12.8 хувь) мянга нь бөөний болон жижиглэн
худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 78.7 (11.3 хувь) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын
нийгмийн хамгааллын, 74.4 (10.7 хувь)
мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 46.6 (6.7 хувь) мянга нь барилгын, 44.8 (6.4 хувь) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн, 43.6 (6.2 хувь) мянга нь тээвэр,
агуулахын үйл ажиллагааны, 40.1 (5.7 хувь) мянга нь уул, уурхай олборлолтын, 27.7 (4 хувь) мянга нь cанхүү,
даатгалын салбарын, 148.1 (21.2 хувь)
мянга нь бусад салбарынх байна.
НДЕГ-ын нийгмийн
даатгалын шимтгэл төлөлтийн энэ
оны хоёрдугаар улирлын
тайланд хамрагдсан 698.2 мянган ажиллагчны сарын дундаж
цалин 993.6 мянган төгрөг байна. Энэ
нь өмнөх улирлынхаас
47.9 (5.1 хувь) мянган
төгрөгөөр өссөнийг Үндэсний
статистикийн хороо мэдээлэв. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин хоёрдугаар улирлын байдлаар 1.3 сая
төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс
69.1 (5.5 хувь) мянган
төгрөгөөр, өмнөх улирлынхаас
15.5 (1.2 хувь) мянган
төгрөгөөр нэмэгдлээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн
үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт
ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.1 сая төгрөг, харин зочид буудал, байр,
сууц, нийтийн хоолны
үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 795.6 мянган төгрөг байлаа. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж
нэрлэсэн цалин мөн улиралд
2015 оны 4 дүгээр улирлынхаас
53.2 хувиар өссөн ч худалдан
авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.7 хувиар нэмэгджээ.
Тайланд хамрагдсан
даатгуулагчдын дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 26,
харин 3 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 5.7 байв.
Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 821 мянга, 10-49 ажиллагчтайнх 1.1 сая, 50-99 ажиллагчтайнх 1.2 сая, 100-199 ажиллагчтайнх 1.4 сая, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.9 сая төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд баруун бүсэд 965.2 мянга, зүүн бүсэд 1.1 сая, төв болон
хангайн бүсэд 1.2 сая төгрөг
байгаа нь улсын дунджаас 116.3-365.2 (8.7-27.5 хувь) мянган төгрөгөөр бага аж. Харин Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж цалин энэ
оны хоёрдугаар улирлын
байдлаар 1.4 сая төгрөг болж, улсын дунджаас 102.7 (7.7 хувь) мянган төгрөгөөр их байв.
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит
үйлдвэрийн газрын ажилчдын сарын
дундаж цалин 1.7 сая, ХК-д ажиллагчдынх 1.5 сая, ХХК-д ажиллагчдынх 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас
63.0-331.7 (4.7-24.9 хувь)
мянган төгрөгөөр их байна.
Харин төсөвт байгууллага, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд ажиллагчдын нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх нэг сая, зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөлд ажиллагсдынх 954.8 мянга, хоршоонд ажиллагсдынх 661.6 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 94.3-668.8 (7.1-50.3 хувь) мянган төгрөгөөр бага аж. Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 75.3 (6.9 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Ажилчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар техникч, туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 730.8 мянган төгрөг буюу хамгийн бага байлаа.