Монголын байт харвааны баг Италийн багийг 5:3-аар ялжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-22 14:38:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д болж байгаа байт харвааны ДАШТ-нд оролцож буй Монгол Улсын байт харвааны хослол өчигдөр Италийн шигшээ багийн хослолыг 5:3-аар хожсон талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.


Ийнхүү Италийн “оддын хослол”-ыг буулган авсан Монголын баг ДАШТ-ий эхний өдрийн гол дуулианы эзэн болсон байна.


Италийн багийн бүрэлдэхүүнд Мауро Несполи болон Лучилла Боари нар багтжээ. Үнэхээр хүчтэй баг. Мауро Несполи бол олимпын багийн харвааны алт, мөнгөн медальтай, “Токио-2020” олимпын эрэгтэй хувийн харваанд хүрэл медаль хүртсэн, Дэлхийн АШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл, Танхимын ДАШТ-ий багийн мөнгө, Европын АШТ-ий хошой алт, 5 хүрэл медальтай харваач.


Тэгвэл Лучилла Боари “Токио-2020” олимпын эмэгтэй хувийн харваанд хүрэл медаль хүртсэн, Европын наадмын хувийн мөнгөн медальтай. Ийм л хүчтэй багтай манай харваачид цэц сорьсон. Холимог багийн төрөлд харваач тус бүр нэг сетэд хоёр хоёр сум тавих бөгөөд нийлбэр оноогоор сетэд ялсан баг хоёр оноо, хэрэв тэнцвэл баг тус бүр нэг нэг оноо авдаг дүрэмтэй.


Манай баг хоёрын даваанд /1/8/ чансааны наймд бичигдсэн Нидерландын багтай өнөөдөр буюу есдүгээр сарын 22-нд орон нутгийн цагаар 16.45 цагаас /Улаанбаатарын цагаар 9 дүгээр сарын 23-ны өглөөний 05.45 / цэц сорих юм.


АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо болж буй байт харвааны 51 дэх удаагийн ДАШТ-ий эхний өдөр урьдчилсан харваа /чансаа тогтоох/ явагдлаа. Байт харвааны ДАШТ нь рекурв /сонгодог буюу олимпын төрөл/ болон компаунд гэсэн 2 төрлөөр явагддаг.


Компаунд: Эмэгтэй хувийн харваанд нийт 66 харваач сум тавьснаас манай Б.Мөнгөнчимэг 64-т, С.Болорсайхан 65-д эрэмбэлэгдлээ. Хасагдах шатны эхний даваанд Б.Мөнгөнчимэг 48-д эрэмбэлэгдсэн Германы Жулиа Бёнкетэй, С.Болорсайхан 49-д бичигдсэн Мексикийн Бренда Меринотой халз харвахаар боллоо.


Эрэгтэйчүүдийн хувийн харваанд 88 тамирчин цэц сорьсноос урьдчилсан харвааны дараа манай Л.Отгонбаяр 79-д, Г.Ган-Эрдэнэ 81-д, Г.Ганзориг 83-д эрэмбэлэгдсэн бөгөөд эхний даваанд Л.Отгонбаяр 34-т бичигдсэн Канадын Эндрью Фагантай, Г.Ган-Эрдэнэ 32-т жагссан Их Британий Адам Равенскрофттой, Г.Ганзориг 30-д бичигдсэн Гватемалагийн Хулио Барильястай тус тус учраа таарлаа.


Эрэгтэй багийн /баг 3 хүнтэй байна/ тэмцээнд 24 орны баг оролцож буй бөгөөд манай баг урьдчилсан харвааны 23-т бичигдсэн бөгөөд 10-д эрэмбэлэгдсэн ОХУ-ын багтай эхний даваанд цэц сорино.

Компаунд төрлийн эмэгтэй багийн тэмцээнд 16 баг оролцож байгаа бөгөөд Монголоос оролцоогүй.

Харин холимог багийн ( 1 эр, 1 эм) төрөлд 27 баг оролцож, Монголын баг /Л.Отгонбаяр, Б.Мөнгөнчимэг/ нар 26-д эрэмбэлэгдэж хасагдах шатанд харвах боломжгүй боллоо.


Рекурв: Олимпын наадмын хөтөлбөрт байт харвааны энэ төрөл ордог. Олимпын аваргууд, медальтнууд өрсөлддөг болохоор илүү их анхаарлын төвд байдаг.

 

Эрэгтэй хувийн урьдчилсан харваанд манай Д.Дашнамжил 102 тамирчнаас 9-д, Ж.Гантөгс 60-д, Э.Нармандах 101-д эрэмбэлэгдсэн.


Д.Дашнамжил урьдчилсан харваанд маш сайн харвасны үр дүнд хасагдах шатны эхний даваанд хийлж, хоёрын даваанд Беларусийн Антон Циерета-Японы Такахару Фурукава нарын хэн ялсантай учраа таарахаар боллоо.


Харин нэгийн даваанд Ж.Гантөгс 53-д эрэмбэлэгдсэн Энэтхэгийн Адитяа Чоудхаритай, Э.Нармандах 12-т эрэмбэлэгдсэн Финландын Антти Викстремтэй тус тус оноолт таарлаа.


Эрэгтэй багийн тэмцээнд 26 баг оролцож байгаа бөгөөд манай баг /Д.Дашнамжил, Ж.Ганзориг, Э.Нармандах/ 24-д эрэмбэлэгдэн 10-д бичигдсэн Украины багтай өрсөлдөхөөр боллоо.


Эмэгтэй багийн төрөлд манайх оролцоогүй бөгөөд эмэгтэй хувийн харваанд манай А.Отгонжаргал ганцаараа оролцож байгаа бөгөөд 79 тамирчнаас урьдчилсан харвааны дараа 65-д эрэмбэлэгдэж, хасагдах шатны эхний даваанд 48-д бичигдсэн Италийн Киара Ребалиатитай цэц сорино.


Рекурв төрлийн холимог багийн төрөлд 32 баг оролцож, чансаа тогтоох харвааны дараа манай баг /Д.Дашнамжил, А.Отгонжаргал/ 24-д бичигдэн 9-д бичигдсэн Италийн багтай эхний даваанд учраа таарсан.

Холбоотой мэдээ