МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ЦАР ТАХАЛ ЯМАР ДАВУУ ТАЛЫГ ОЛГОЖ БАЙНА ВЭ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
Boloryanjindulam@gmail.com
2021-09-22 16:36:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөлөөгөөр аялагчдын хүсэл сонирхол болон аялах газартаа тавих шалгуур нь өөрчлөгдөж эхэлжээ. Өмнө нь Венец, Парис, Лондон зэрэг олонд танигдсан газар руу жуулчид явахыг эрмэлздэг байв. Энэ нь ч олон арван жилийн менежментийн үр дүн гэж болно. Харин цар тахлын дараа хэрэглэгчдийн зан төлөвт үүсэж байгаа хамгийн том өөрчлөлт бол un known destination буюу их танигдаагүй, хүн цөөн аялдаг газруудыг сонгох болсон явдал юм. Ингэхдээ ихэнх үйлчилгээ нь гадаа явагддаг out of doors аяллын хэлбэрийг сонгох болсон нь манай улсын хувьд давуу талыг бий болгож байгаа юм. Учир нь Монгол дахь аяллын 95 орчим хувь нь гадаа орчинд явагддаг. “Салхины эргэлттэй орчин нян бактерыг  үржихгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс аюулгүй гэдгээс  эхлээд л сурталчилгаагаа хийж болно. 


Бидний хамгийн эхний алхам бол жуулчдыг айдсаа давахад нь тусалж, итгэлийг нь олох

 

Дэлхий нийтээрээ шинэ нөхцөл байдалд дасан зохицох гэж хичээж байна. Цаашид олон улс энэ байдлыг шинэ энгийн байдал гэж үзэн, дасан зохицож, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэх зөвлөмжийг өгөөд байгаа. Өнөөдөр бид хилээ нээсэн ч жуулчид манайхыг зорьж ирэхгүй байгаа нь үнэн. Жуулчдын хувьд халдвар авах эрсдэлээс айж байгаа юм. Тиймээс ч бидний хувьд тэднийг айдсаа даван туулахад туслах үйлчилгээг нэвтрүүлж, итгэлийг нь төрүүлэх чиглэл рүү ажиллах болж байна. Үйлчилгээний стандартаа өөр түвшинд хүргэж, байнгын ариутгал, халдваргүйтгэлийг хийж эхлэх ёстой. Мөн цар тахлын үеийн үйлчилгээг бий болгох. Хэрэв тухайн жуулчин халдвар авсан тохиолдолд яаж ажиллах вэ? гэсэн цар тахлын үеийн эрсдэлийн менежменттэй ажиллах шаардлага бидэнд тулгарч байна. 

 Хоёрдугаарт, хүнээс хүнд хүрэх үйлчилгээг багасгах.  Энэ талын үйлчилгээг хэр их багасгана төдий чинээ жуулчдын итгэл илүү батжина. Тухайлбал, цахим визийн үйлчилгээг идэвхжүүлж, ресторануудын цэснээс эхлээд цахим болгох шаардлага бий. Зарим рестораны хувьд аль хэдийн QR код уншуулаад л утсандаа тухайн газрын хоолны цэсийг авдаг үйлчилгээг бий болгоод байгаа. Мөн дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс safe travel буюу аюулгүй аялал жуулчлал протоколыг 2020 оны сүүлээр гаргасан байдаг. Манай улсын хувьд энэ протоколд албан ёсоор элсэж, аль хэдийн олон улсын аяллын компаниудын дагаж мөрдөх зааварчилгааг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Тус протоколд байгаа зааварчилгааг хангаж ажилласан газруудад safe travel логог олгоод эхэлсэн. Хэрэв манай аяллын компаниуд энэхүү олон улсын аюулгүй үйл ажиллагааны логог авч чадвал, жуулчдад итгэл үнэмшлийг батжуулахад илүү дөхөм болох юм. 


Аялал жуулчлалын салбарт ЦАХИМ ТЕХНОЛОГИЙГ ашиглах нь илүү өгөөжтэй байна


Өмнө нь аялал жуулчлалын салбар хүнээс хүнд хүрдэг зардал өндөртэй маркетинг ашигладаг байв. Харин цар тахлын хамгийн том өөрчлөлт нь аялал жуулчлалын салбарын цахимжуулалтыг илүү хурдасгасан. Хэрэв бид үүнийг ойлгож, ажиллаж чадвал хямд зардлаар өргөн цар хүрээтэй сурталчилгааг хэрэглэгчдэд хүргэх бүрэн боломжтой. Өмнө нь 200 мянган доллароор хоёр, гуравхан улсад л сурталчилгаа хийдэг байсан бол одоо энэ өртгөөр хиймэл оюун ухааныг ашиглан бүх онлайн платформ дээр ажиллаж, худалдан авалтыг нэмэгдүүлэх боломж байна. 


Энгийн иргэн ч аялал жуулчлалын салбарт ажиллах боломжтой 


Аялал жуулчлалын салбарын бас нэг онцлог нь энгийн иргэн ч нэг эд эс нь болж ажиллах боломжийг олгодог. Заавал уул уурхай, хууль зүйн салбар шиг мэдлэг боловсролтой хүн ажилладаггүй. Орон нутгийн нэг айл тухайн жуулчинд монгол ахуйгаа сурталчлах, морь унуулж, цагаан идээгээ борлуулан, морин хуур тоглох гэх мэтээр язгуур урлагаа сурталчлан үр ашгийг нь хүртдэг. Учир нь Монголын аялал жуучлалын цөм нь nomadic culture, wild nature юм.

Монголд ирж байгаа жуулчдын 36 хувь нь байгалийг харах, 40 хувь нь нүүдэлчдийн соёлыг харах зорилготой. Үндсэндээ 70-аас дээш хувь нь онгон дагшин байгаль дээрх нүүдэлчдийн соёлыг харах хүсэлтэй.

Энэ нь цаашлаад нутгийн иргэд цөлжилт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалаад мал аж ахуйн салбараасаа хангалттай орлого олж чадахгүй үед, хоёр дахь амьжиргааны эх үүсвэр нь аялал жуулчлалын салбар болох боломжтойг харуулж байгаа юм. Ирээдүйд Монгол Улсын хамгийн үнэ цэнэтэй аялал жуулчлалын төрөл хэлбэрүүд нь нутгийн иргэд рүү чиглэсэн үйлчилгээнүүд байх болов уу. Учир нь Торгоны зам бол дэлхийн номер нэг аялал жуулчлалын брэнд юм. Торгоны замын соёл одоог хүртэл зөвхөн Монголд "амьд" байна гэдэг нь олон улсын зах зээлд өрсөлдөх гол ялгарал болно. Үүнээс гадна хотын төвийн айлууд ч монгол ахуй соёлоо сурталчлан, жуулчин хүлээж авах боломж байгааг харуулж чадсан олон жишээ бий. Гадаадын жуулчид бидний нүүдэлчин соёлоос хэрхэн суурин иргэншил рүү шилжиж байгаа шилжилтийн үеийн амьдралыг сонирхдог.

Тухайлбал, дэлхийн хувиараа аялагчдын 10 гаруй сайтуудад бүртгэгдсэн, танигдсан хост айл бол Бэгзсүрэнгийнх бөгөөд тэднийхийг 1000 орчим жуулчин зорьж очин хоноглосон байдаг. Тэднийх фэйсбүүкт “BEE SOY” хаягаараа гадны жуулчдад танигдсан.  Энэ бол цахим орчныг маш сайн ашиглаж, өөрийн чаддаг зүйлээ сонирхуулан гадаадын жуулчдыг татах боломж байгааг харуулсан жишээний нэг юм. 



Цар тахлын үеэр аялал жуулчлалын салбарт ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан


2019 оны аяллын нөхцөл байдалд дэлхийн зах зээл 2024 оны төгсгөлд хүрнэ гэсэн тооцооллыг гаргасан. Харин бид дотоод халдварын тоогоо хэр хурдан бууруулж, маркетингийнхаа идэвхжүүлэлтийг ямар түвшинд хийхээс хамаарч энэ салбараас олох ашиг нэмэгдэхийг мэргэжилтнүүд онцлоод байгаа. Дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр  Монгол Улс визнийхээ асуудлаар сүүлээсээ 10 дугаар байр буюу 128, агаарын тээврээр 118, газрын боомтын дэд бүтцээр 120 дугаар байраас хойш эрэмбэлэгддэг байдлыг аль болох өөрчлөх тал руу хандсан ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, манай улсын аялал жуулчлал Солнгос, Хятад, Орос, Япон, Герман гэсэн орнуудад хуваагддаг. Хятад маш том зах зээл боловч зорчигч тээврийн нислэгийг хангалттай хэмжээнд хийж чаддаггүй байсныг өөрчилсөн. Солонгосын жуулчид дэлхийн 187 улс руу визгүй зорчдог байхад зөвхөн манайх руу визтэй зорчдог байв. Тэгвэл манай улс цахим виз руу шилжиж, илүү таатай нөхцөлийг бий болгосон. Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын сэргэлтийг бий болгохын тулд агаарын тээврийн компаниуд 2019 онд олон улсын суудлынхаа даацыг 1.6 сая байсныг 2023 он гэхэд 3.7 саяд хүргэхээр зорьж байна. Хятадтай тогтоогоод байсан хил орчмын жуулчдын хязгаарлалтыг байхгүй болгосон. Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсон зэрэг нь өмнө нь аялал жуулчлалын салбарын өсөлтөд таагүй нөлөө үзүүлж байсан хүчин зүйлсийг арилгаж чадсан явдал юм.


Аялал жуулчлалын салбарын үр өгөөж ба дотоод аялал


2019 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын салбарын 92 хувийг уул уурхай, үлдсэн найман хувийг буюу 800 орчим сая ам.долларыг бусад салбарын экспорт эзэлж байв. Гэхдээ үүнд service экспорт буюу аялал жуулчлалыг оруулж тооцдоггүй байлаа. Аялал жуулчлалын салбар тухайн онд дангаараа 600 сая ам.доллар буюу уул уурхайн бус салбарын үлдсэн хувийг эзлэх хэмжээтэй орлогыг олсон байдаг. Энэ салбарын үр ашгийг шууд 13 салбар хүртэж, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний салбарын гарцыг 25 хувиас дээш хувиар нэмдэг. Энэ утгаараа эдийн засгийг солонгоруулах гол салбар нь аялал жуулчлалын салбар юм. Ганц жишээ дурдахад л, Мөсний баярыг 100 сая төгрөгийн төсвөөр зохион байгуулж, 20 мянга орчим жуулчныг оролцуулахад л тухайн аймагт 4 тэрбум төгрөгийн орлого ордог.

Аялал жуулчлалын салбарын шууд ажил эрхлэлт нь 88 мянга, улирлын чанартай шууд бус нь 40 мянга. Нийт 128 мянган ажлын байр бий болгодог. Гэвч ковидын нөлөөгөөр эдгээр ажлын байрууд зогсолтод орж, энэ салбарыг даган ашиг хүртдэг нисэхийн салбар болон худалдаа үйлчилгээ эрхлэгчид алдагдал хүлээгээд байгаа юм.

Тиймээс гадаад орнууд дотоод аяллаа дэмжих чиглэлд ажиллаж байна. Харин манай улсын хувьд 2019 онд дотоодын жуулчид 800 тэрбумын орлогыг Монголдоо оруулсан байдаг. Энэ нь нэг аймаг л гэхэд дотоод жуулчдаасаа 20-30 тэрбумыг төвлөрүүлэх боломжтойг харуулж байгаа юм. Аяллын компаниуд цар тахлын энэ үед дотоодын жуулчдадаа зориулсан үйлчилгээгээ илүү чанаржуулж эхлээд байна. Тиймээс аялагч та ч гэсэн дотоодын аялал жуулчлалаа дэмжин, аль болох улс орондоо үр ашигтай аялаарай. Хэрэв та тухайн газар очиж ямар нэгэн байдлаар суралцаагүй, цалин авч ажил хийгээгүй бол аялж байна гэсэн үг юм.

Б.Янжиндулам


Холбоотой мэдээ