Бразилын Эрүүл мэндийн сайдын шинжилгээний хариу эерэг гарчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-09-22 16:35:20

НЬЮ-ЙОРК. /Axios/. Бразилын Эрүүл мэндийн сайд Марсело Кейрога НҮБ-ын Ерөнхий Ассамблейд чуулганд оролцохоор АНУ-ын Нью-Йоркт хотноо хүрэлцэн очсоны дараа “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан талаар Бразилын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.


Мягмар гаргийн орой гаргасан энэхүү мэдэгдэлд дурдсанаар, Эрүүл мэндийн сайдын биеийн байдал сайн байгаа бөгөөд одоогоор Бразилаас Нью-Йоркийг зорьсон бусад төлөөлөгчдийн шинжилгээний хариу сөрөг гараад байна. М.Кейрога эрүүл мэндийн холбогдох дүрэм журмыг баримтлан тусгаарлагдсан талаараа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Мөн өөртэй нь ойр байсан төлөөлөгчдийн багийн зарим гишүүн урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох үйл ажиллагаанд оролцох төлөвлөгөөгөө цуцалсан гэдгийг мэдээлсэн байна. Тэрбээр НҮБ-ын үйл ажиллагаануудад оролцохдоо амны хаалт зүүж байсан гэдгээ “CNN Brazil” сувагт мэдээлжээ.


Харин Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хувьд цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүдийг шүүмжилсээр ирсэн бөгөөд амны хаалт зүүгээгүйнхээ улмаас Сан-Паулу мужид торгуулж байжээ. Мөн тэрбээр Нью-Йорк дахь дэмжигчидтэйгээ амны хаалтгүй мэндчилж буй дүрс бичлэгээ “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


Даваа гарагт Ж.Болсонаругийн хамт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй бусад төлөөлөгчдийн уулзалтад оролцсон гэрэл зургаа М.Кейрога “Twitter” хуудсандаа нийтэлсэн бөгөөд тэрбээр амны хаалт зүүсэн байжээ. Зүрх судасны эмч мэргэжилтэй тэрбээр цар тахал дэгдсэнээс хойш Бразилын Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашиж буй дөрөв дэх хүн юм. Түүнийг энэ оны эхээр тус албан тушаалд томилжээ. 

Холбоотой мэдээ