Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн барив

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-23 15:24:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020  оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах  тухай тогтоолын төслийг өргөн барилаа.


Тогтоолын төслийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тогтоолын төслийг хууль, дүрмийн хүрээнд боловсруулан, өргөн мэдүүлжээ. Үүнд Нийслэлийн 2020 оны шуудын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулж, өргөн барьж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэмдэглээд, богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүслээ. 



НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил дэлхий даяар эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Монгол Улсын эдийн засгийн ихэнх хувийг эзэлдэг нийслэлд ч энэ хүндрэл томоохон цохилт боллоо. Орлого багасаж, хөрөнгө оруулалт хумигдаж байна. Багасаж байгаа орлого, түүндээ тааруулж төлөвлөсөн ажилд өөрчлөлт орж байгаа тул НИТХ  төсвийн тодотголыг хэлэлцэнэ. 2022 онд ямар бодлогоор явах, эдийн засгийн ямар зөв алхам хийх вэ гэдэг томоохон шийдвэрийг нийслэлийн удирдлагууд эрх зүйн орчны хүрээнд гаргуулж чадлаа. Иймээс Хотын даргад НИТХ, нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээлээ.

Холбоотой мэдээ