“Хархорум хот – Торгоны зам” эрдэм шинжилгээний цахим хурал боллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-27 18:41:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ойн хүрээнд “Хархорум хот – Торгоны зам” эрдэм шинжилгээний цахим хурал өнөөдөр боллоо.

 

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос зохион байгуулсан тус хуралд соёл, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид зэрэг 60 гаруй хүн оролцож, “Торгоны зам”-аар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон сонирхолтой илтгэл тавилаа.

 

Аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлоход энэхүү эрдэм шинжилгээний хурлаас гарч байгаа санал санаачилгууд чухал ач холбогдолтой болохыг аймгийн Засаг дарга А.Ишдорж онцлон хэлж, “Хархорум хот – Торгоны зам” аялал жуулчлалын эвент арга хэмжээг нутгийн аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгох ажлыг тогтмол, үе шаттай зохион байгуулах шаардлагатай байгааг дурдлаа.

 

Илтгэлийн үеэр Өвөрхангай аймаг аялал жуулчлалын нөөц ихтэй аймгийн хувьд тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, байгаа нөөц бололцоогоо эдийн засагжуулж, эргэлтэд оруулах нь чухал хэмээн онцолж байв. Улсын хэмжээнд аялал жуулчлалын гурван том бүс нутгийн нэг нь Орхоны хөндийн сав газар бөгөөд Монгол Улсад ирж байгаа жуулчдын 25 хувь буюу 90 гаруй мянган жуулчин жил тутамд тус газрыг зорин ирдэг аж. 

Холбоотой мэдээ