С.Энхболд: Гуравдугаар тун хийлгэсэн иргэдийн 0.15 хувь нь халдвар авсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-27 18:44:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК өнөөдөр хуралдаж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх, хилийн чанадаас ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах байранд оруулахгүй байх зэрэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үер Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Сүүлийн өдрүүдэд нас баралт 17-19 болж нэмэгдсэн. Энэ нь ямар шалтгаантай вэ?


-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Сүүлийн гурван өдөр нас баралт 15-аас дээш тоотой бүртгэгдсэн. Тохиолдлын тоо нэмэгдэхээр нас баралт өсдөг. Хөдөө орон нутагт коронавирусний тархалт их байгаа. Үүнийг дагаад орон нутагт нас баралт ч нэмэгдэж байна. Манай Эмнэлзүйн эмгэг судлалын багийн 10 хүний бүрэлдэхүүнтэй комисс нас баралтын тоонд анализ хийж байгаа. Энэ комисс нас баралт коронавируснээс шалтгаалсан байна уу, өөр шалтгаантай байна уу гэдгийг шалган тогтоож байгаа. Зарим тохиолдолд орон нутгийн тоог нэгтгэж байгаад хоцорч мэдээлдэг. Сүүлийн гурав хоногт дээрх шалтгааны улмаас тоон мэдээлэл давхацсан тохиолдол бий.


-Вакцины гуравдугаар буюу сэдээх тунгийн үр дүн хэрхэн гарч байна вэ?


-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гуравдугаар тунг судалгааны үндсэн дээр хийж байгаа. Израил улс 1.1 сая иргэндээ гуравдугаар тунг хийсэн бөгөөд үүнээс 0.1 хувь нь халдвар авсан байна. Манай улсад ч мөн адил, 288 мянган иргэнээс 0.15 хувь буюу 388 нь халдвар авсан байгаа. Вакцин хийлгэнэ гэдэг нь коронавирусний халдвар авахгүй гэсэн үг биш бөгөөд тухайн хүнийг хүндэрч нас барахаас сэргийлнэ.


-“Digital Nation” зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа халдварын эрсдэлийг нэмсэн үү?


-Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газар уян хатан, зөөлөн бодлого хэрэгжүүлж ирсэн. Коронавирус нь ойрын хугацаанд арилахгүй тул дасан зохицож, сөрж амьдрахаас өөр аргагүй. Тиймээс Номын баяр, Намрын ногоон өдрүүд, Цахим үндэстэн зэрэг гадна талбайд болж буй үйл ажиллагааг дэмжсэн. Нөгөө талдаа эрүүл мэндийн салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Энэ салбар өнөөдөр хамгийн оргил ачаалалтай байгаа. Аль болох хүндрэлийг багасгах, нас баралтыг бууруулахад онцгой анхаарч байна.


-Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орж байна. 500 гаруй эмч ажлаасаа гарсан гэсэн мэдээлэл бий. Ямар шалтгаанаар гарсан бэ гэдэгт нь судалгаа хийсэн үү?


-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбарт жил бүр тодорхой хэмжээний шилжилт хөдөлгөөн болдог. Эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд нэг ч гэсэн хүний амийг аврахын төлөө бүх чадлаараа хичээн ажиллаж байгаа.

Холбоотой мэдээ