Казахстаны нийслэлийн 1 сая дахь иргэн мэндэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-05 11:19:25

АСТАНА. /KAZINFORM/. Казахстаны нийслэл Астана хот долдугаар сарын 4-нд нэг сая дахь иргэнээ хүлээж авлаа гэж өчигдөр болсон төрийн далбаа мандуулах ёслолын үеэр тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев мэдэгдлээ.

Казахстан даяар “Нийслэлийн өдөр”-ийн баярын арга хэмжээ уламжлал ёсоор төрийн далбааны ёслолоор эхэлдэг аж. Энэ онд Астана хотын 18 жилийн ой тохиож байна.

“Мухамедияровын гэр бүлд 2016 оны 7 дугаар сарын 4-нд Астана хотын 1 сая дахь иргэн мэндэлснийг мэдэгдэхдээ баяртай байна. Одоо Астана нэг сая оршин суугчтай боллоо” гэж Ерөнхийлөгч Назарбаев хэлжээ.

Сануулан дурдахад, 1994 оны 7 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Дээд Зөвлөл нийслэлийг Алма-Аты хотоос Акмола руу шилжүүлэх шийдвэр гаргаж байсан юм.

Уг шийдвэрийн дагуу 1997 оны 12 дугаар сарын 10-нд нийслэлийг албан ёсоор шилжүүлсэн билээ.

Харин 1998 оны 5 дугаар сарын 6-ны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Акмола-г Астана гэж нэрлэх болжээ. Казахстан улс шинэ нийслэлээ 1998 оны 7 дугаар сарын 10-нд дэлхий нийтэд танилцуулсан юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ