Багийн спортын төрлүүдийг хөгжүүлж буйгаа танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-09-28 12:37:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. АНУ-аас Монгол Eлсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд Майкл С.Клечески энэ сарын 26-30-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж байна. Өнөөдөр Элчин сайд Майкл С.Клечески аймгийн Крикетийн талбайгаар зочилж  тус спортоор хичээллэгч хүүхэд залуустай уулзаж амжилт хүслээ. 

Уулзалтын үеэр Крикетийн холбооны Баянхонгор аймаг дахь салбарын тэргүүн Б.Оюутболд, "Энэ оны долдугаар сард ICC буюу Олон улсын Крикeтийн холбоонд Монголын Крикeтийн холбоо гишүүнээр элссэн.  ICC (Олон улсын Крикeтийн холбоо) нь 2028 онд Лос Анжелест болох Олимпод Крикeтийн спортыг оруулахаар зорьж байгаа бөгөөд Монголын шигшээ багт Баянхонгор аймгийн Крикeтийн холбооны 4 хүүхэд багтаж байгаа нь ирээдүйд энэ спортын төрөл Олимпод багтвал, тэд оролцох бүрэн боломжтой бөгөөд энэ нь бидний ирээдүйн зорилго юм” гэж танилцууллаа. 

Мөн энэ спортоор дамжуулан өсвөр насны хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, биe бялдрын хөгжлөөс гадна зөв төлөвшил, хүмүүжилд эeрэг нөлөө үзүүлдэг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг дурдав. 

Токио 2020 зуны олимпод Монгол Улс анх удаа багийн төрлөөр буюу 3х3 сагсан бөмбөгийн төрөлд амжилттай оролцсон бөгөөд цаашид багийн спортын төрлүүдээ нэмэгдүүлж, баг тамирчдаа оролцуулах бодлогыг Монголын үндэсний олимпын хорооноос баримтлан ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ