“Эрдэнэт үйлдвэр”-ийн 15 хувийг ажилчдад нь хувьчлах ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-05 13:26:46

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 15 хувийг тус байгууллагад одоо ажиллаж байгаа болон тэтгэвэртээ гарсан ажилчдад хувьчлахыг шаардаж, МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.

1992 онд Монгол Улсын иргэдийг өмчтэй болгох зорилгоор Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 15 хувийг ажилчдад нь хувьчлах шийдвэр гаргаж, тус бүр нь 7000 төгрөгийн үнэ бүхий 10140 цэнхэр тасалбар олгох болжээ. Үүнийг тухайн үеийн УИХ дэмжсэн. 1994 онд уг асуудлыг хууль, эрхзүйн хүрээнд бүрэн шийдвэрлэх хүртэл цэнхэр тасалбаруудыг “Эрдэнэт үйлдвэрийн үнэт цаасны фүүс”-т хадгалуулсан байна. Гэтэл 1996 онд Стратегийн буюу төрийн мэдэлд байх уул уурхайн жагсаалт гарсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” уг жагсаалтад орсон тул хувьчлах үйл ажиллагааг зогсоожээ. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэрийн үнэт цаасны фүүс”-т хадгалуулсан цэнхэр тасалбарыг “Үнэт цаасны хороо” (ҮЦХ) руу шилжүүлсэн байна. 2000 онд УИХ-ын сонгуулиар МАН олонх болох үед энэ асуудлыг дахин ярьж эхэлсэн бөгөөд ҮЦХ-нд шалгалт хийхэд цэнхэр тасалбарын 4000 ширхэгийг нь Улсын их дэлгүүр (УИД)-т шилжүүлсэн байжээ. Одоо МАН олонх болсон тул энэхүү шийдврийг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн “Эрдэн үйлдвэр” компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батбаатар хэллээ.

Тэрбээр, “УИД-т шилжүүлсэн 4000 тасалбарыг буцаан ҮЦХ-д шилжүүлж, тухайн үеийн 7000 төгрөгийг одоогийн ханшинд шилжүүлж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар ажилчдад нь хувьчлах хэрэгтэй” хэмээв.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан “Монгол зэс” компани гадны хөрөнгө оруулалттай гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар судалж үзсэн үү?

-Энэ талаар нэгдсэн ойлголттой болоогүй байна. ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа зарсан нь үнэн. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно байх.

-Бүх зүйл тодорхой болоогүй байхад ажилчдад 15 хувийг хувьчлах асуудал шийдэгдэх боломжтой юу?

-15 хувийг хувьчлах асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Засгийн газар болон “Монгол зэс”-ийн эрх мэдлийн асуудал. Гэхдээ Засгийн газар өмнө нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй.

-49 хувийг Монголын мэдэлд шилжүүлж авснаар ямар давуу тал бий болох вэ?

-Өмнө нь ОХУ-тай хамтардаг байхад давуу тал байсан ч, хүндрэлтэй асуудал бас байсан. Тухайлбал, Аль нэг тал нь төлөөлөн удирдах зөвлөлөө бүрдүүлэхгүй бол хамтарсан үйлдвэрийн зөвлөл хуралддаггүй, тухайн жилийнхээ ажлыг дүгнэж, ирэх оныхоо төлөвлөгөөг баталдаггүй байсан. Монголын талд шилжсэнээр төлөөлөн удирдах зөвлөл байнга үйл ажиллагаа явуулж, цаг алдахгүй шийдвэрүүд гарах боломж бүрдэж байна. Цаашдаа ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулахгүй, улсын төсөвт оруулдаг татварын хэмжээг бууруулахгүй байх нь чухал.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ