Монгол Улс анх удаа ОУОХ-ны стандартыг хангасан "Мөсөн Өргөө"-тэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын өвлийн спорт төдийгүй спорт, соёлын салбарын хөгжлийн түүхэнд нэн шинэ бүтээн байгуулалт болох “Мөсөн Өргөө”-г нээх ёслол өнөөдөр нийслэлийн Хан-уул дүүргийн Шинэ Яармаг хороололд болов.
Монгол Улсын анхны мөсөн дэвжээ бүхий “Мөсөн Өргөө” ордны битүү барилга байгууламж нь Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан гэдгээрээ онцлогтой. Тус ордны загвар зураг, барилга угсралтын ажлын зургийг Монголын залуу архитекторчдоос бүрдсэн “Анаграм” ХХК-ийн хамт олон бүтээсэн бөгөөд Канадын HDR/CEI, VDA зэрэг спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжлийн байгууллага, архитекторчдоос зөвлөгөө авч, хамтран ажилласан байна.
Монголын өвлийн спорт
сонирхогчид, үе үеийн тэшүүрчин, хоккейчдын хүсэл мөрөөдөл болсон энэхүү “Мөсөн
Өргөө” нь өвөл, зуны аль ч улиралд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай юм.
Тухайлбал, Монголд анх удаа огторгуйн хийцлэл, агааржуулалт, залгаасгүй дээвэр
зэрэг шинэ шийдэлтэй ордон юм байна. Уг ордон 2600-3600 хүний суудалтай бөгөөд
хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортоос гадна сагсан бөмбөг, гар бөмбөг,
бокс зэрэг заал танхимын тэмцээн, мөн урлагийн тоглолт, хурал цуглаан ч зохион
байгуулах боломжтой аж.
Монголын өвлийн спортын түүхэнд тодоос тод тэмдэглэгдэх “Мөсөн өргөө”-ний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, энэ түүхэн том бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэсэн төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Миний бие дөрвөн жилийн өмнө Шадар сайд байхдаа мөсөн ордны төсөлтэй танилцаж, Ерөнхий сайд байхдаа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт мөсөн өргөөний бүтээн байгуулалтын талаар холбогдох байгууллагуудтай хэлэлцэн, ярилцаж байсан. Үндэсний компаниуд эвлэлдэн нэгдэж, ард түмнийхээ хүсэл мөрөөдлийн нэг болох мөсөн өргөөг цогцлоон босголоо. Монгол Улсад анх удаа инженерийн цоо шинэ техник, технологийг нутагшуулж, хүнд нөхцөл байдалд бэрхшээл, асуудлыг даван туулж, их бүтээн байгуулалтыг хийсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна” хэмээн онцолсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон Монгол Улс дахь гадаад улс орнуудын Элчин сайдын яамдын төлөөллүүд оролцлоо.
Мөн энэхүү байгууламжийг гардан барьж
байгуулсан “Мөсөн өргөө” төслийн санаачлагч, удирдагч, “Степпе Арена” ХХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, “Анаграм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Б.Золбоо, “Ачит Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг, “Степпе Арена”
ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Батмөнх, “Степпелинк холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин, “Монгол Алт” /МАК/ ХХК-ийн Бодлогын
зөвлөлийн дарга Б.Нямтайшир, “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн Гүйцэтгэх
захирал Ц.Ууганбаяр нар нээлтийн ёслолд оролцлоо.
Монгол Улсад мөсөн спортын
мэргэжлийн уралдаан тэмцээнд зориулсан битүү байгууламж барьсан туршлага, дадлага
байхгүй. Иймд мөсөн гулгуурын талбайн хийц, үзэгчдийн танхимын агааржуулалтыг олон улсын норм, стандартын дагуу хийх чиглэлээр олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан Хойд Америк, баруун Европын компаниудын дунд сонгон
шалгаруулалт зарлаж, бүтээгдэхүүн нийлүүлэх, угсрах, ашиглалтад өгөх, сургалт
зохион байгуулах багц гэрээ, хэлэлцээр хийжээ. Мөсөн дэвжээний
байгууламжийг Австри улсын нэр хүндтэй, туршлагатай AST компани гүйцэтгэхээр шалгарсан байна.
“Мөсөн Өргөө” ордныг барих төсөлд “Степпелинк холдинг”, UPC, MAK зэрэг үндэсний компаниуд бараа бүтээгдэхүүн, менежментээр хөрөнгө оруулан, “Ачит Ихт” компани гол хөрөнгө оруулагч юм. Тус төслийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын өдөр тутмын ажил үйлсэд “Эс Ди Инженеринг”, “Анаграм”, “Степпе Солар”, “Монгол өмгөөлөл”, “Премиум”, AVINEX зэрэг олон компани гар бие оролцон ажиллажээ. "Мөсөн Өргөө"-г бүтээн босгоход нийтдээ Монголын 95, гадаадын 6 компани, 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцсон байна. Түүнчлэн үндэсний компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Канад, АНУ, Австри зэрэг олон орны инженер техникийн ажилтнуудын хамтын ажиллагаа шингэсэн Олон улсын төсөл болсон юм байна.
Энэхүү баярт үйл явдлыг
тохиолдуулан ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг
гүйцэтгэгч Ч.Наранбаатарт мэндчилгээ ирүүлсэн байна. Уг мэндчилгээнд,
Хүндэт Ч.Наранбаатар танаа
Улаанбаатар хотод “Степпе Арена” мөсөн өргөө нээлт болох гэж байгаа тухай мэдээлсэн есдүгээр сарын 24-нд ирүүлсэн таны захианд талархаж байна. 2021 оны есдүгээр сарын 29-нд хийж буй нээлтийн ёслолыг амжилттай явуулахыг хүсэн ерөөж, өвөл, зуны спортоор хичээллэх боломжтой энэхүү бүтээн байгуулалтад баяр хүргэе.
Энэхүү шинэ байгууламж нь
танай улсад заалны спортыг хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаануудыг зохион
байгуулах боломжийг олгож, шинэ үеийн залуу тамирчид хамгийн орчин үеийг
дэвшилтэт байгууламжид бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдүүлж байна.
“Степпе Арена” удахгүй болох Бээжингийн олимпод оролцох тамирчдад үр ашгаа өгнө гэж итгэж байна. Танай тамирчдад 2022 оны Бээжингийн өвлийн олимпын бэлтгэлд нь амжилт хүсье" гэжээ.
Ташрамд сонирхуулахад, Хүн төрөлхтний түүхэнд анхны битүү хоккейн байгууламж 1862 онд Канадын Монреал хотод баригджээ. Харин түүнээс 150 гаруй жилийн дараа ОУОХ-ны стандартад нийцсэн “Мөсөн Өргөө”-г Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ийнхүү амжилттай бүтээн байгууллаа.