УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-10 07:14:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 7.00 цагт эхэллээ.


Нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлсэн юм. Өнөөдөр 22.00 цагт дуусах нөхөн сонгуулийн санал хураалтад Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид саналаа өгнө. Тодруулбал, Хэнтий аймагт бүртгэлтэй 50 747 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 748 иргэн байна. Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд санал өгөх 113 935 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 9 039 сонгогч байгааг СЕХ-ноос мэдээлэв.


Нэр дэвшигчид: 18 дугаар тойрог


Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ


Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР


Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ


Ард түмний олонхын засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ


Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ


Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН


28 дугаар тойрог


Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР


Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ


Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА


"Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА


Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ


Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР


Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ


Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ


Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА


Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ


УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг энэ сарын 9-ний 9.00-20.00 цагт зохион байгуулсан. Нийт коронавирусний халдварын улмаас эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа, тусгаалалтад орсон 2861 иргэн Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргаснаас 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өгсөн байна.


Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм.


Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.


Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг өнөөдөр 13.00, 17.00, 21.00 цагт олон нийтэд мэдээлэх юм.

Холбоотой мэдээ