Монгол, Оросын гадаад худалдаа эхний найман сард 1.4 тэрбум ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-13 08:18:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хорооны “100 жилийн ойд зориулсан цахим уулзалт” энэ сарын 12-нд боллоо.


Уг уулзалтыг Монгол Улс болон Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан юм. 


ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Г.Б.Карасин цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг хэвээр байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, "манай хоёр улсын уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа нь олон жилийн хамтын ажиллагааны түүх, мөн худалдаа, эдийн засаг, соёл болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаанд тулгуурладаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэхийн илрэл юм. Орос, Монголын харилцаа, тэр дундаа хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тус хороо ихээхэн ач холбогдол өгч, ажиллаж байна" гэлээ.


Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлсэн үгэндээ, "Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах явцад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо дэмжсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол, Оросын парламентын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ оны есдүгээр сард Вена хотод болсон Дэлхийн парламентын спикеруудын V дугаар бага хуралд оролцох үеэр ноён К.И.Косачёвтай богино хэдий ч ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт хийснийг тэмдэглэв.


Мөн хоёр улсын харилцааны нэгэн чухал механизм бол Монгол, Оросын Засгийн газрын комисс юм. Тус комиссын ээлжит 23 дугаар хуралдаан энэ онд болно. 2021 оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 1,4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 хувиар нэмэгдсэн. Цар тахлын амаргүй үед энэ нь сайн үзүүлэлт гэж бид дүгнэж байгаа гэв.


Түүнчлэн ОХУ-ыг БНХАУ-тай холбосон байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн судалгааны ажил амжилттай өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын тал “Газпром” компанитай хамтран ажиллах суурь баримт бичгүүдийг байгуулсан. Энэхүү томоохон төсөл нь Монгол, Оросын харилцаа болон гурван улсын хамтын ажиллагааны түүхэнд тодоор үлдээх бүтээн байгуулалт болж хэрэгжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн дипломат харилцаа тогтоосны 100 жилийг ойг амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаад баяртай байна гээд хоёр улсын хамтын ажиллагаанд парламентын хамтын ажиллагаа ч өөрийн жинтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм гэлээ.


Үргэлжлүүлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд үг хэлсэн юм. Дараа нь бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны талаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дэд дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн Б.Б.Жамсуев, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Ц.Анандбазар үг хэлэв.


Цахим уулзалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Нийгмийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн А.Г.Варфоломеев нар Парламент хоорондын харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар мэдээлэл хийв.


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, хамтын ажиллагааг бодит шинэ арга хэмжээ, төслүүдээр баяжуулах чиглэлээр хоёр улсын Засгийн газрын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санаачилга, хүч чармайлтыг хууль тогтоох байгууллагууд идэвхтэй дэмжих тухай санал дэвшүүлсэн юм.

Холбоотой мэдээ