Орос ба Монгол: хамтын ажиллагааны боломжууд ба бүс нутгийн интеграцчилал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
delgermaa@yahoo.com
2021-10-14 11:36:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцан итгэлцэл нь өнөөдөр Орос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн үндэс суурь нь болж  хоёр улс газар зүйн байрлалаараа холбоотой төдийгүй хил залгаа оршихоос гадна  түүх нь ижил. Олон жил хамтран ажиллах явцад харилцаа улам бэхжиж түншүүд төдийгүй, найрсаг харилцаатай болсон. Өөрөөр хэлбэл  бие биеэ ойлгодог, итгэдэг гэсэн үг. Энэ итгэлцлийн үндэс суурь нь түүхэн үйл явдлууд гэж болно. Тодруулбал Японы армийг Улаан Арми бут цохиж, Монголын газар нутгийг Зөвлөлтийн цэргүүд хамгаалсан бол  дэлхийн II дайны хүнд хэцүү жилүүдэд Монгол Зөвлөлтөд тусалсан билээ. Орос дайнд ялалт байгуулсны дараа итгэж болохуйц хөршөө мартаагүй бөгөөд түүнийг тусгаар тогтноход нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд хоёр орны харилцааг бэхжүүлэхэд маш их зүйлийг хийсэн бөгөөд өнөөдөр найрамдалт харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар улам бүр бэхжүүлэх хэрэгтэй.


Эдийн засгийн хэмжигдэхүүн

Цар тахал нь дэлхийн эдийн засагт маш их нөлөөлсөн. Коронавирусний улмаас дэлхийн улс орнуудын хөгжлийн гол салбарууд уналтад орж Орос, Монголын хамтын ажиллагааны төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэсэн юм. Гэсэн хэдий ч хамтын ажиллагааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүн дээр хамтран ажиллах хэрэгтэй.


Монголын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн хэлснээр хоёр талын худалдаа эргэлтийн хэмжээнүүдийг авч үзвээс Хятад тэргүүлж байгаа бөгөөд нийт бараа эргэлтийн 57 хувийг Хятад эзэлж байгаа бол Орос ердөө 17 хувьтай байна. Мэдээжийн хэрэг цар тахал нь Монгол Оросын бараа эргэлтийн хэмжээ багасахад хүргэсэн.


2019 онд Орос, Монголын бараа эргэлтийн хэмжээ 1.8 тэрбум ам.доллар байсан. Цар тахал нүүрлэсэн 2020 онд энэ тоо 1.4 тэрбум ам.доллар болон буурчээ. Өнгөрсөн таван сарын хугацаанд  хоёр талын бараа эргэлтийн хэмжээ 708.4 сая ам.долларт хүрч  харин өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 21.6 хувиар өссөн байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа бөгөөд үзүүлэлтээрээ Ковидын өмнөх үетэй ижил түвшинд хүрэх хандлагатай бөгөөд онгоцоор, машинаар зорчиж буй хүмүүсийн тоог сэргээх нь чухал.

Өнөөдрийн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны  үндэс суурь нь 1949 онд Зөвлөлт-Монголын хамтарсан УБТЗ байгуулагдсанаар тавигдсан бөгөөд тус байгууллага нь өнөөг хүртэл амжилттай ажилласаар байна. Өнөөдөр УБТЗ-ыг шинэчлэх хөтөлбөр идэвхтэй хэрэгжиж байгаа бөгөөд  2030 он гэхэд жилд 54 сая тонн ачаа нэвтрүүлдэг болох зорилт тавин ажиллаж байна. Нэг үгээр хэлэхэд 2020 он гэхэд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэж байсан нь 2019 онтой харьцуулахад 7 хувиар илүү юм. Энэ жил энэ эрчээрээ ажиллах юм бол  цаашид  эерэг хандлагатай болно гэсэн үг. Европ-Хятадын хоорондох транзит тээвэрлэлтийн хэмжээ ч нэлээд нэмэгдэж байгаа. УБТЗ-ын оролцоотойгоор Тавантолгойн нүүрсний орд газраас Зүүнбаян хүртэлх 415 км төмөр замыг шинээр тавьж байгаа. Энэ ажилд “РЖД Интернэшнл”  хувьцаат компани   гүүр болон  гүүрэн гарц барих ажилд нь техникийн консалтингийн үйлчилгээ үзүүлж байна.


Гурван талын эдийн засгийн коридор

УБТЗ нь Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд төмөр замын коридорыг (Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Хаалган-Бээжин-Тяньжинбайгуулах ажилд УБТЗ чухал үүрэгтэй.  Энэ төсөл  өргөн хүрээг хамарсан Евразийн түншлэлийг бий болгоход эергээр нөлөөлөх юм. ОХУ нь “2030 он хүртэлх төмөр замын тээвэрлэлтийн стратеги”-ийг баталсан бөгөөд Транссибирийн төмөр замыг шинэчилж Оросын Евразийн газар нутгаар дайран өнгөрөх транзит маршруттай болж Сибирь болон Алс Дорнодын төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Энэ төсөлд Монгол нэгдсэнээр нэлээд ашиг олох боломжтой. Үүнээс гадна 2018 оны 6-р сарын 8-ны өдөр  Монгол, Оросын Засгийн газрууд Төмөр замаар тээвэрлэлт хийх нөхцөлийн тухай гэрээ байгуулсан. Уг гэрээнд зааснаар Монголын газар нутгаар дамжуулан тээвэрлэлт хийсэн нөхцөлд 25 жилийн туршид хямдрал үзүүлэх юм. Тодруулбал Оросын газар нутгаар дамжуулан тээвэрлэж буй нүүрсэндээ 66.4 хувийн, контейнер тээвэрлэлтэд 52 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Ингэснээр ОХУ нь хөршдөө  өөрийн газар нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийхэд нь хямд бөгөөд тогтвортой нөхцөлийг бүрдүүлж  өглөө. Ингэснээр Монголын хувьд алсын ирээдүйд ашигтай нөхцөл бий боллоо гэсэн үг.

Монгол Улс ч  үүнийг сайн мэдэж байгаа бөгөөд тус улсаар дамжин өнгөрөх автозам нь Азийг Европтой холбож буй хамгийн дөт зам. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн VI чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ онцолсон. Орос болон Хятад, Ази болон Европын хоорондох худалдаа болон тээвэрлэж буй барааны эргэлт нэмэгдсэн нөхцөлд Монгол улс газар зүйн таатай байрлалаа ашиглан  худалдаа, тээвэр-ложистик болон тээвэрлэлтийг нэмэгдүүлэх нь Орос, Монголын бүс нутгийн хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө. Найрсаг, найдвартай хамтран ажилласнаар харилцан ашигтай гэрээ байгуулахад улам амар болно.


Евразийн эдийн засгийн холбоо

Евразийн эдийн засгийн холбоо нь  Орос болон тал нутгийн Монголын эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллахад хамгийн таатай талбар. Тус байгууллага нь хамтын ажиллагааг орчин үеийн түвшинд аваачиж, үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулж гишүүн орнуудын иргэдийн амьдралыг сайжруулах зорилгоор тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Энэ байр сууринаас авч үзэхэд Монгол нь Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна. Монголын төрийн тэргүүн Владивостокийн эдийн засгийн чуулганд оролцохдоо гадаад худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад ийм гэрээ нь чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд бүс нутгийн интеграцчилалд оролцох боломжийг бүрдүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.


Хий дамжуулах хоолой

Бас нэгэн стратегийн төсөл бол Оросоос Монголын нутгаар дамжин Хятад руу тавих хийн хоолой. Одоогоор “Союз Восток” хий дамжуулах хоолойн хамгийн оновчтой маршрутыг тодорхойлчихоод байгаа. “Союз Восток” нь “Сила Сибири-2” төслийн үргэлжлэл бөгөөд 2021 оны 3 сард “Газпром”-ын Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид  Монголд ирж хоолой тавих газартай танилцсан. Монголын Засгийн газар болон “Газпром” компанийн хамтарсан ажлын хэсгийн 2021-2022 онд хийх ажлын төлөвлөгөөг ч баталж гарын үсэг зурсан байгаа.

Хийн хоолойг тавих ажлыг хариуцсан  “Газопровод Союз Восток” компани техник эдийн засгийн тооцоог хийх ажлаа тэр даруйд нь эхлүүлсэн юм. Монголын газар нутгаар тавигдах хийн хоолой  нэг жилд 50 тэрбум куб метр хүчин чадалтай бөгөөд “Силы Сибири-1”-ийн хүчин чадлаас 1.3 дахин их.

Энэ нь Алс Дорнодын бүс нутаг дахь томоохон бүтээн байгуулалтын ажил гэдэгт ч Монголын эрх баригчид  итгэлтэй байна.


Геологи хайгуулын ажил

Монгол, Орос хоёр хоёулаа геологи хайгуулын салбарт хамтран ажиллах сонирхолтой. Тиймээс ч Оросын “Зарубежгеология” болон Монголын “Эрдэнэт үйлдвэр” хоёр геолог-геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан. Түүнээс гадна  Оросын “Росгеология” болон Монголын ашигт малтмал, газрын тосны газартай гэрээ байгуулж Оросын хэд хэдэн компаниу урт хугацааны туршид Монголоос ашигт малтмал авах сонирхолтой байгаа.

Монголтой хил залгадаг Эрхүү мужид геологи хайгуулын салбар нэлээд хөгжсөн бөгөөд нөөц  сайтай бөгөөд энэ нь  ойрын ирээдүйд хэрэг болох магадлалтай. Түүнээс гадна Монголын түншүүд Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын мэргэжлийн  судалгааны байгууллагуудыг сайн мэднэ. Цагтаа уг салбарын хамтын ажиллагааны хүчээр Монгол дэлхийн ашигт малтмал борлуулалтын зах зээл дээр нөлөө бүхий болсон. Өнөөдөр Монголд ашигт малтмалын нөөц хангалттай байгаа  бөгөөд энэ чиглэлийн хамтын ажиллагааг улам баяжуулж  шинжлэх ухаан-хайгуулын шинэ  төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Ийнхүү хоёр орны хамтын ажиллагааны хэдэн салбарыг авч үзэхэд маш их боломж байгаа гэдэг нь харагдаж байна. Энэ харилцан ашигтай хамтын ажиллагаа нь найрсаг Орос Монголын байр суурийг дотоод төдийгүй олон улсын тавцан дээр улам бэхжүүлэх юм.

                                                                                                                                                                                                  Г.Хулан

Холбоотой мэдээ